Он гарсаар улсын хэмжээнд долоон удаа газар хөдөлсний дөрөв нь Увсад бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-23 14:49:38
Увс /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт улсын хэмжээнд долоо гарсан байна. Үүний дөрөв нь Увс аймгийн газар нутагт бүртгэгджээ. Эдгээр газар хөдлөлтүүдээс Завхан суманд болсон газар хөдлөлт ард иргэдэд мэдрэгдсэн бол Бөхмөрөн суманд болсон хөдлөлтүүд мэдрэгдээгүй байна.
Энэ оны 1-р сарын 7-нд Бөхмөрөн сумаас хойд зүгт 53 км-т 4,39 магнитуд, 2-р сарын 2-нд Завхан сумаас зүүн зүгт 12 км-т 3,9 магнитуд, 2-р сарын 15-нд Бөхмөрөн сумаас хойд зүгт 72 км-т 4,08 магнитуд, 2 дугаар сарын 20-нд Бөхмөрөн сумаас баруун хойд зүгт 60 км-т 4,07 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Бөхмөрөн суманд хоёр сарын дотор 3 удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн нь сонирхол татаж байгаа аж. Энэ газар хөдлөлт бүртгэгдсэн бүс нь Сагил сумын Үүрэг нуур багт байдаг Цагаан гол уул орчмын нутаг ба ОХУ-ын хил залгаа Мөнгөн Тайга уул орчимд болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс орон нутагт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ