Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-27 12:58:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий гурван гишүүн өнөөдөр Төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын эхэнд хэлэхдээ УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэгт сэтгүүлчид энэ асуудлаар хандсан тул уг мэдээллийг хийж байгааг онцлов.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярихдаа, "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст" компани зээл авсан асуудлыг Арбитрийн шүүх хэлэлцээд тус банкны талд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод болгох зорилгоор Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд, Ж.Энхбаяр нарын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Засгийн газар хариу өгсөн ч АТГ энэ асуудлыг шалгаж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Өнөөдөр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан учраас "Жаст” компанийн өрийг төлөх үүргийг Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр хүлээж байгаагийн зэрэгцээ тус үйлдвэрийн данс, эд хөрөнгийг битүүмжлэхээр Арбитрын шүүх шийдвэрээ гаргасан ил болсон. Түүнчлэн Засгийн газар эл асуудлаар давж заалдсан боловч гомдлыг хүлээж авахгүй хэмээн шийдвэрлэснээс нэг өдөрт ихээхэн хэмжээний үндсэн зээл болон хүү төлөх нөхцөл үүслээ. 
 
Түүнчлэн зээлж авсан 213.3 сая ам.доллар нь “Жаст” компанийн данс руу шилжиж ороогүй. "Эрдэнэт" үйлдвэрийн дансанд орж, тэндээс хоёр ч өөр компанийн данс руу их бага хэмжээгээр шилжсэн юм байна. Өөр нэг анхаарах асуудал бол “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал 10 сая ам.доллар хүртэлх баримтад гарын үсэг зурах эрхтэй. Түүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүй гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг аваад байна. Мөн 2013 онд үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах нөхцөл байдал үүсч, буруутнууд хариуцлагаас мултрах болчихоод байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энхболд, "Манай улсад хариуцлагын тогтолцоо алдагдсаны нэг жишээ нь "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой энэ асуудал юм. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хууль зөрчсөн байх магадлал өндөр. Цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулах шаардлагатай. Мөн өмнө нь олон нийтийн анхаарлын төвд орсон ч шийдэгдээгүй олон асуудлыг эргэж шалгах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд хуурамч гарын үсэг зурагдсан гэх мэт тайлбар хийх нь утгагүй. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудлаар 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч олон нийтэд ил болгоогүй. Дараа нь 2015 онд АТГ-д хэрэг шилжсэн хэрнээ одоо хүртэл яагаад шийдэгдэлгүй сугарч үлдэв. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байв уу гэсэн асуудлууд босч ирж байна. Бид хууль хяналтын байгууллагуудад хандаж албан тоот хүргүүлнэ. Шаардлагатай гэвэл УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж нээлттэй сонсгол хийх асуудлыг санаачилна" гэсэн юм. 


Гишүүдийн зүгээс асуудалд намчихралгүй хандахыг уриалсан бөгөөд улсын нууцад хамаарах баримт бичиг байвал нууцаас гаргахаар ажиллана гэдгээ мэдэгдэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал 
 
Холбоотой мэдээ