Завханд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-02 18:19:40

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд цас ихээр орж цасан болон шороон шуурга шуурч  улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2018 оны 03-р сарын 02 ны 15:00 цагаас 2018 оны 03-р сарын 03 ны 10:00 цаг хүртэл түр зуур хязгаарлалт хийж аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Тиймээс иргэд, жолооч нарыг хот хооронд болон орон нутгийн замд зорчихгүй байх, зорчсон бол ойр байгаа төв суурин газарт түр саатах, захирамжийн дагуу хөдөлгөөнд оролцохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулав.
Дашрамд өнөөдөр Завхан аймгийн Нөмрөг, Тэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Цагаанхайрхан, Улиастай сумдын нутгаар салхины хүч 14-18м/с, түр зуур 20-28м/с хүрч, цасан шуурга шуурчээ. Энэ үед Баянхайрхан сумын ЗДТГ-ын байрны дээвэр хуурч унасан хохирол гарсан, бусад сумдад хохирол гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна хэмээн аймгийн Цаг уур Орчин шинжилгээний газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ