Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлын үед анхаарал болгоомжтой байхыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-14 11:52:09
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цас орж, хүйтрэх тул автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй байна.
Иймээс хот, аймаг, сум, баг хооронд зорчихдоо жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу явах, техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, дулаан хувцастай, хоол хүнсний бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах, хүлээн авах, холбооны найдвартай хэрэгсэлтэй явах хэрэгтэй хэмээн аймгийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа.
Тэрчлэн салхи, шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг санууллаа. Хэдийгээр хүйтэн байгаа ч нуур, гол мөрний ус цөмрөх аюултай тул нуур, гол мөрөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байхыг ч онцгойлон анхааруулж байна.
Хэрвээ ямар нэгэн онцгой нөхцөл байдал үүсвэл аймгийн Онцгой байдлын газрын 70452602, 7045101, 207, 96450106, 98602965 дугаарын утсанд шуурхай, үнэн зөв, бодитой, тодорхой мэдээлэл ирүүлэхийг ард иргэдэд хандан зөвлөлөө.
Б.Батхүү
Холбоотой мэдээ