Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хүчингүй болгосон гэдэг нь ташаа мэдээлэл гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын ЗЦА-наас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихтой холбоотой гарч буй мэдээлэлтэй холбогдуулан Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбат сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын нэр хүнд рүү халдсан буруу ташаа мэдээлэл цахим сүлжээнд их гарах боллоо.Тухайлбал 2012 онд НИТХ-ын хуралдаанаар баталсан авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчихоор журам гаргасныг хүчингүй болгосон гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавьж буй хяналт хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг хэлье. Хөдөлгөөнд оролцож буй энэ олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох явдал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэв.
Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, “Жи таймс” сүлжээтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусах шатандаа явж байна. Тиймээс “Жи таймс” сүлжээний хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд энэ сарын 20-ноос өмнө ирж хэргийн материалтай танилцахыг” мэдэгдлээ.
Ж.Батсайхан