Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-16 10:48:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан либералчлал-хууль эрх зүйн шинэчлэл, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, агаарын навигацийн үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн талаарх хэлэлцүүлгүүд Иргэний нисэхийн ерөнхий газарт 2 өдөр болж өндөрлөлөө.

Нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, авиа компаниуд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр тус салбарт тулгарч буй бэрхшээл, цаашдын хөгжлийн талаарх саналуудаа нэгтгэв. Тухайлбал агаарын тээврийн либералчлал гэдгийг юу гэж ойлгох талаар нэгдсэн ойлголттой болох, агаарын харилцааны хэлэлцээрүүдэд, цаашид баримтлах төрийн бодлогыг хэрхэн тодорхойлох тал дээр саналууд гарч, оролцогчид шүүмжээ илэрхийллээ.

Иргэд, зорчигчдын зүгээс хамгийн их гаргадаг тийзний үнэтэй холбоотой асуудалд авиа компаниуд өөр өөрсдийн санал, төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад орох вэ, Хөшигийн хөндий рүү авиа компаниуд нүүхэд бэлэн үү, Монголд аялал жуулчлал хөгжихөд агаарын тээврийн салбарын үйлчилгээ нөлөөлж байгаа юу гэх зэрэг асуудлыг ирэх даваа, мягмар гаригт болох зөвлөгөөнөөр илтгэл тавьж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ