"Увс лиг"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-16 15:26:05
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2018 оны "Увс лиг"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд 12 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Хар тарвагатай” ХК-ийн "Алтан шонхор” баг тэргүүн байр эзэлж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн "Western warriors" баг 2-р байр, аймгийн Цагдаагийн газрын "Цагдаа" баг 3-р байр эзэллээ. Өнгөрсөн жилийн “Увс лиг”-ийн аварга багаар Хилийн цэргийн 0245-р ангийн "Хилчин" баг тодорч байсан бол энэ удаад “Атлан шонхор” баг ийнхүү анх удаа аварга багаар тодорлоо.
Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2018 оны эмэгтэйчүүдийн анхдугаар "Увс лиг"-ийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд "Мөнгөн цагариг" баг шалгарлаа. Харин дараагийн байруудад “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн "Аянга" баг, “Эрч” ХХК-ийн "Эрч" баг тус тус шалгарлаа.
Тус тэмцээний "Шилдэг холбон тоглогч"-оор "Дулааны харцагууд" багийн тоглогч Г.Наранмандах, "Шилдэг хамгаалан тоглогч"-оор "Цагдаа" багийн тоглогч Ч.Гантөгс, "Шилдэг довтлогч"-оор "Алтан шонхор" багийн тоглогч Б.Намхай, "Шилдэг хүчний тоглогч"-оор "Хилчин" багийн тоглогч Ч.Мэндтогтох, "Шилдэг төвийн тоглогч"-оор "Western warriors" багийн тоглогч Ц.Баянмөнх нар тодорлоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ