Цагдаагийн албан хаагчийг заналхийлсэн этгээдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр цагдаагийн алба хаагчийг “буудна” гэж заналхийлсэн хэргийг ЦЕГ-аас шалгаж байна.
Цагдаагийн алба хаагч Э Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр "...ЗАН" дугаартай портер маркийн автомашиныг шалгаж тус сумын иргэн А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ.
Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрийнхэнд дуулгажээ. Гэтэл тухайн өдрийн 23.00 цагийн орчимд А гэгч цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлжээ. Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, А-ийн уг үйлдлийг шалгаж байна.
Ж.Батсайхан