Есөн хүүхэд мориноосоо унаж гурав нь эмнэлэгт хүргэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-19 14:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр хийсэн мэдээлэлд шөнө морь уралдуулж хүүхэд гэмтээсэн хэргийн асуудал анхаарал татав.

Өчигдөр  шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсийн уралдаан өглөөний 07-21 цагийн хооронд болж өнгөрчээ. Уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унаж бэртжээ. Тэдний гурав нь гэмтлээсээ болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ асуудлаар ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн хангах албан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ц.Баатарболд мэдээлэл өглөө. Уралдааны үеэр цагдаагийн байгууллагаас 110 алба хаагч 23 автомашин, мотоциклтой үүрэг гүйцэтгэлээ. Мөн ОБЕГ-ын газрын 25 албан хаагч, ШШГЕЗ-ын харьяа  25 алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэй, салхи  шуургатай байсан  учраас есөн хүүхэд мориноос унаж гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллагад хугарал бэртэлтэй ил харагдах шархтай гэмтсэн хүүхэд ирээгүй. Холбогдох албан байгууллагууд хамтарч ажилласан байна. Цагдаагийн байгууллага нь тухайн урлаг спортын арга хэмжээг хориглох заалт байхгүй. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах хуулийг биелүүлж ажилладаг. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд оролцсон. Унаач хүүхдүүд эрлийз, азарга, соёолон, их насны морьдыг унасан гэж мэдээллээ. Шөнө морь уралдуудахыг цагдаадгийн байгууллага хорихгүй хамгаалах л үүрэгтэй. Гэвч шөнө морь уралдуулсан нь ёс уламжлалаас ч гажсан хэрэг болжээ.

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ