“Монгол Улс дахь боломж” хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-19 17:48:34
БЭЭЖИН /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, БНХАУ-ын Аж үйлдвэр эдийн засгийн холбоотой хамтран “Монгол Улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулав.
Чуулганы эхэнд монголын талаас УУХҮЯ, ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнууд тодорхой төслүүдийг танилцуулж мэдээлэл хийсэн юм. Дараа нь чуулганд оролцож байгаа манай талын 50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Хятадын Аж үйлдвэр, эдийн засгийн холбооны гишүүн 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн төсөл, боломжийг танилцуулав.
УИХ дахь Монгол, Хятадын Парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогтоос тус чуулганы талаар тодруулахад тэрээр “Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Аж үйлдвэр эдийн засгийн холбоотой хамтарч ажилладаг түнш байгууллага. Энэ хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Монгол Улс дахь боломж” сэдэвт Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, Монгол улсын нийгэм, эрх зүй, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой хятадын аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт зохион байгуулж байна. 2016 онд хоёр байгууллага Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хятадын Аж үйлдвэр, эдийн засгийн холбоо “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хамрагддаг нийтдээ 27 орны 2,2 сая гишүүнчлэлтэй “Брика” хэмээх холбоог байгуулсан. Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг тус холбоонд 2016 онд гишүүнээр элссэн. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, ямар салбарт ямар төсөл хэрэгжүүлэх гэж буй, Монгол улсад татварын ямар боломжууд байгаа талаар Хятадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэл өгч, хоёр талын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, харилцан түнш олох, Монгол улсад хөрөнгө оруулах боломж бололцоог бүрдүүлэх чиглэлд туслах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол улсад бизнесийн харьцангуй таатай орчин бүрдэж байна. 2016 оныг 2017 онтой харьцуулахад Хятадын хөрөнгө оруулалт 34 хувиар өссөн байна. Эдийн засаг сэргэж, Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгаа учир бид энэ чиглэлд боломжийг улам бүр  нэмэгдүүлж, мэдээлэл өгөх ёстой. Манай улс хөгжингүй орнууд болон Олон улсын байгууллагуудаас тодорхой дэмжлэг авч байна. Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах таатай нөхцлийг эдлэж байна. Тухайлбал, ЕХ-ны улсуудад Монголд үйлдвэрлэсэн 7200, Япон Улсад 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр экспортод гаргах боломж бололцоо бүрдсэн байна. Үүнийг бизнес эрхлэгчид, гадны хөрөнгө оруулагчид тэр бүр мэддэхгүй байна.
Энэ боломжийг мэддэг бол Монгол Улсад хөрөнгө оруулалт, техник, технологи, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж орох боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. 2015 онд Хятад Улс монголын бараа, бүтээгдэхүүнийг хятадын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэхэд бусад улс орнуудаас 40 хувийн хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломжийг Монгол Улсад олгосон юм. Энэ боломжийг бид бас ашиглах ёстой. Цаашлаад АНУ-ын зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг гаргах, ялангуяа оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээс татвар авахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Эдгээр боломжуудыг ашиглаж, Монголын шавхагддаггүй нөхөн сэргээгддэг баялаг болох малын гаралтай бүтээгдэхүүн, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаар Засгийн газрын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Таван толгойн орд газрын нүүрснээс юуны түрүүнд хий гаргах, Улаанбаатар хотын дулааны болон гэр хорооллын асуудлыг шийдвэрлэх, барилгажуулах, Эмээлтийн аж үйлдвэрийн паркыг барьж байгуулах, Замын-Үүдийн чөлөөт бүсийг ажиллуулж эхлэх гэх мэт томоохон төслүүдийг танилцуулж байна. Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын ганцаарчилсан уулзалтыг бас зохион байгуулж байна” гэв.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ