Г.Мөнхбаяр: Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр маань намайг аварга малчин болоход их нөлөөлсөн гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2018-03-20 09:42:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 16 насандаа мал дээр гарч, 33 насандаа Улсын аварга малчин хэмээх эрхэм алдарыг хүртсэн залуу малчин Гантөмөрийн Мөнхбаяртай малынх нь бэлчээрт таарч, хэдхэн хором ярилцлаа. Тэрээр Сүхбаатар аймгийн хамгийн залуу Улсын аварга малчинаар тодроод байгаа юм. Г.Мөнхбаяр аймгийн УЗХ-ны ивээн тэтгэгч онцгой гишүүн бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр нь түүнийг энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг аж.

-Юуны өмнө танд болон танай гэр бүлд улсын аварга малчин  хэмжээн эрхэм алдрын эзэд болсонд баяр хүргэе. Аймгийнхаа хамгийн залуу аварга малчин боллоо шүү дээ?
Баярлалаа. Би 18 дахь жилдээ мал маллаж байна. Гурван жилийн өмнө аймгийн аварга малчин болоод, сая сар шинийн босгон дээр улсын аварга малчин боллоо. Энэ бол хэдэн малын минь буян юм даа. Өөрийгөө удам дагасан малчин гэж бодож явдаг. Өвөө маань сумын аварга малчин хүн байсан. Миний энэ амжилт бол манай удмын хамгийн анхны улсын цол.

-Аварга малчныхаа шагналыг Монгол Улсын Ерөнхий сайдаас гардаж авсан байсан?
Тиймээ. Ерөнхий сай болон нутгийн гишүүн, бусад албаны хүмүүсийн хамтаар их өргөн бүрэлдэхүүнтэй ирж шагналыг минь гардуулсан. Энэ бол миний, бидний амьдралд тохиох ховор боломж, тиймээс их билэгшээж, азтайд тооцож байгаа. Ганц би биш аав ээж, ах дүү нарын минь магнай тэнийсэн дээ. Ер нь тэгээд хүн хэдэн малаа дагаж байхад олон сайхан зүйлтэй учирна гэж би боддог ш дээ.

-Тэгэлгүй яахав, тийм ч учраас мал дагавал ам тосдоно гэдэг шүү дээ. Та 33 насандаа улсын аварга малчин болно гэхээр их эрт мал маллаж эхэлсэн байж таарна. Ер нь яагаад мал дээр гарав?
Анх Халзан сумын сургуульд наймдугаар ангиа төгсөөд шууд өвөө, аавыгаа дагаад малчин болсон. Тухайн үед өвөө аав ээжид маань малаа маллахад нь туслах хүн хэрэгтэй байсан. Тэгээд ч би анхнаасаа мал дагана гэж боддог байсан л даа. Тэгээд явсаар байгаад нэг л мэдэхэд 2000 оноос хойш тасралтгүй 18 жил малаа малласан байна. Олон жил мал малласан хүмүүсийн хажууд энэ богино хугацаа мэт боловч залуу хүмүүсийн хувьд, мөн энэ амжилтанд хүрэх гэж зүтгэсэн хүмүүсийн хувьд тийм ч бага хугацаа гэж боддоггүй.

-Мал маллаад амжилт гаргаад сайхан амьдарч байгаа хүмүүсийг хараад зарим хүмүүс ердөө л малчин болъё, мал маллая гэдэг. Мал маллана гэдэг зарим хүмүүсийн харж байгаагаар тийм амархан ажил юм уу?
Мал маллана гэдэг сайхан, гэхдээ тийм амар ажил биш. Бид малтай яаж харьцана, мал ч мөн тэгж л ханддаг. Магадгүй сүүлийн үед залуучууд залхуугаасаа болж амар хялбар аргаар мөнгө олохыг хүсдэг болсон юм болов уу гэж би боддог. Тийм хүмүүс л мал маллахыг амархан гэж бодож байгаа байх. Уйгагүй хөдөлмөр, малаа гэх чин сэтгэл, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн дүнд мал өсөж, ашиг шимээ өгч эхэлдэг. Тэрнээс биш оройдоо хашчихаад, өглөөдөө гаргаж нэг усалсан болчихоод хаяаад байвал тэр мал өсөхгүй, ашиг шимээ ч өгөхгүй. Наад зах нь цаг агаарын хүнд шалгуурыг давах зориг, хүч чадал хувь хүнд байх хэрэгтэй. Малчин хүн малаа зүй бусаар алдах шиг хэцүү зүйл байхгүй. Тэр болгонд шантрахгүй байх чухал. Манайх 2008 оны хаврын шуурганаар маш олон малаа алдаж байсан. Гэхдээ би шантраад үлдсэн малаа хаяад төв бараадахыг хүсээгүй. Магадгүй тухайн үед би шантарсан бол энэ хүндтэй шагнал миний энгэрт хэзээ ч ирэхгүй байсан байх.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Учир нь таныг өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд таныг хамгийн их дэмжиж, туслаж байсан хүн бол гэргий тань шүү дээ?
 Тэгэлгүй яахав. Манай эхнэр бид хоёр нэг нутгийнх. Арван жилээ төгсөөд шууд надтай хамт мал дээр гарсан. Бид хоёр гэр бүл болоод арван жил болж байна. Өвөөгийнхөө голомтыг сахиж үлдсэн болохоор анх 500 гаруй малтай айл гэр болж байлаа. Одоо мал маань ч өсөөд, ам бүл маань ч өсөөд амьдрал үнэхээр сайхан байна. Манайх одоо ам бүл дөрвүүлээ. Нэг хүү, нэг охинтой. Удахгүй гурав дахь хүүхэд маань мэндлэх гэж байна. Үүнээс гадна манайх нэг малчин хүүтэй. Бараг л манай хүүхэд шиг болж, манайд тав дахь жилдээ мал маллаж байна. Миний туслах малчин байгаа юм. Малчинтайгаа, эхнэртэйгээ заримдаа аав ээжтэйгээ хамжаад л малаа маллана шүү дээ.

-Багаасаа өвөө, аавыгаа дагаж мал малласан болохоор мал маллагааны арга туршлагыг тэд нараасаа өвлөсөн байх. Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг?
Тийм шүү, мэдээж миний өвөө, аав ээж маань надад их зүйлийг зааж сургасан. Гэхдээ миний гол арга барил бол би малыг хөрвийн аргаар маллахыг илүүд үздэг. Мөн хонь, үхэр хоёрт түлхүү анхаарлаа хандуулдаг. Хөрвийн арга гэдэг маань малыг айхтар гардаж, хашаад байхгүй бэлчээрээр, задгай тааваар нь байлгахыг хэлж байгаа юм. Ингэж сурсан мал их амар байдаг.

-Одоо танай мал хэдий тоо толгойд хүрсэн бэ? Ер нь сүүлийн үед малын тоонд бус чанарт анхаар гэдэг болсон. Таны хувьд малынхаа үүлдэр угсаар сайжруулахад хэрхэн анхаарч байна?
Өнгөрсөн жилийн мал тооллогоор 1900 орчим мал тоолуулсан. Таван хошуу мал бүгд байгаа. Гэхдээ манай газар нутагт хужир шүү ховор учир тэмээ нэг их өсгөдөггүй. Үүлдэр угсааг сайжруулах тал дээр гэвэл хуц ухнаа хоёр жил тутамд шинэчилж, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Баяндэлгэрийн улаан ямаагаар хуц ухна тавьдаг. Үхрийн хуьд эрлийзжүүлэхийг хүсдэггүй, цэвэр монгол бух бий.

-Сүхбаатарын бүх эрчүүд морь уядаг гэсэн хошин яриа байдаг шүү дээ. Олон жил мал дагасан хүний хувьд мэдээж морь уяж сойдог байх?
Тэгэлгүй яахав. Манай өвөө морь сайн уядаг хүн байсан. Би ч гэсэн энэ хугацаанд арав гаруй айраг түрүүг энд тэндхийн наадмаас хүртсэн байдаг юм. Мал олонтой болохоор зав чөлөө бага, ихэнхдээ зундаа л морь уядаг даа.

-Улсын аварга малчин болоход олон шалгуур үзүүлэлт байдагийн нэг нь хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр байдаг. Таныг аймгийн Улаан залагмай хороо /УЗХ/-ны ивээн тэтгэгч онцгой гишүүн гэж сонссон?
Аймгийн УЗХ-ны ивээн тэтгэгч гишүүн болоод хоёр гурван жил болж байна. Ер нь улаанзагалмайн талаар бага сага мэдээлэлтэй байсан. Анх сумын хорооны хүмүүс санал тавихад нь шууд таатайгаар хүлээж авсан. Энэ сайхан байгууллагад элсэж орсондоо их баяртай байдаг. Нэгдүгээрт малчин бидний амжилтыг төр засаг үнэлэхэд энэ нөлөөлдөг болсон, хоёрдугаарт миний өгч буй жаахан ч гэсэн хандив хаа нэг газар хэрэгтэй хүндээ очиж байгаа гэж бодохоор их сайхан санагддаг. Буян гэдэг багаддаггүй шүү дээ. Энэ бүхний маань үр дүн хэдийн миний амьдралд сайнаар нөлөөлөөд эхэлсэн. Цаашид надад, миний үр хүүхдэд ч нөлөөлөх болно. Ер нь тэгээд улсын аварга малчин болоход нөлөөлсөн гол зүйлсийн нэг бол хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр маань гэж бодож, баярлдаж явдаг. Тиймээс УЗХ-ныхоо үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллана гэж боддог.

-Аймгийн УЗХороо хандивлагч гишүүдийгээ тогтмол ямар нэг арга хэмжээнд хамруулж, тэднийгээ идэвхжүүлэхийг зорьдог. Та тэдгээр үйл ажиллагаанд нь хэр оролцож байна?
За даа ер нь ховор. Би чинь малаа орхиод ийш тийш явахыг нэг их хүсдэггүй ш дээ. Гэхдээ дандаа хойш сууна гэж юу байхав, завтай байх юм бол мэдээж зорьж очихыг хичээдэг. Хамгийн сүүлд хандивлагч гишүүдийн чуулганд оролцоод ирсэн. Их сайхан арга хэмжээ болдог юм билээ. Улсын аварга малчин болсоны дараа аймгийн УЗХ-ныхон ирж надад тусгайлан баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн. Үүнд би маш их баярлаж байгаа. Учир нь энэ бол миний хувьд улсын аварга малчны дараа орохоор том хүндэтгэл, том шагнал гэж бодож байгаа.

-Энэ өвөл мал сүрэг хэр зутрав, их цастай юм байна. Одоо ч хаваржаандаа буух цаг боллоо доо?
Энэ өвөл цас ихтэй, ер нь л чанга өвөл боллоо. Мал овоо зутарсаан, гэхдээ малын хорогдол харьцангуй гайгүй өнгөрлөө. Одоо ч цаг наашилж байна. хэдэн төлөө авахыг хүлээгээд, бэлтгэлээ базаагаад л байж байна даа. Манайх эндээ нэг гүний худагтай. Тийм болохоор худгаа бараадаад энэ хавиараа л жилийн дөрвөн улиралд нутаглачихдаг. Мал сүрэг маань ч нутагтаа бүр дасчихсан болохоор амар байдаг юм.

-Баярлалаа.
 Т.Одончимэг
Холбоотой мэдээ