Гадаргын усны 83 хувь нь цэнгэг ус байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 21:58:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Манай улсад гадаргын усны 83 хувь нь цэнгэг ус байдаг бөгөөд нийт цэнгэг усны 93,6 хувийг Хөвсгөл нуур эзэлдэг ажээ.
Өмнөговь аймагт "Дэлхийн усны өдөр"-ийг угтаж "Гүний ус" ХХК-иас дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан усны талаар сургалт явууллаа.
Энэхүү сургалтаараа дамжуулан хүүхдүүдэд усны талаар мэдлэг олгохыг тэд зорьсон гэж тус компанийн ерөнхий инженер С.Отгончулуун хэлж байна. Дэлхий дээрх нийт усны зөвхөн нэг хувь нь цэнгэг ус байдаг байна. Харин манай орны гол мөрний 60 хувь нь хил даван урсдаг бол 40 хувь нь хөрсөнд нэвчин газрын доорх гүний усыг тэжээдэг гэнээ. Мөн гадаргын усны 83 хувь нь цэнгэг ус ба нийт цэнгэг усны 93,6 хувийг Хөвсгөл нуур эзэлдэг ажээ. 
Усны хомсдол өдөр ирэх тусам нэмэгдэж байдаг говь нутгийн хувьд усны талаар ирээдүй хойчдоо бодит мэдээллийг өгөхийг тэд зорьжээ. Ус хэмнэнэ гэдэг нь унд, ахуйн усны хэрэглээгээ бууруулах биш усыг сул асгахгүй, усны цоргыг онгорхой орхихгүй, эвдэрсэн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь засварлахыг хэлдэг байна. НҮБ-аас 3 дугаар сарын 22-ны өдрийг усны өдөр болгон зарласан байдаг. Манай аймаг энэ өдрийг 2011 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Энэ жил уг өдрийг "Байгальд ээлтэй ус ашиглалт" нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна. Тиймээс ч энэ удаа "Ус ба байгаль" сэдэвт хичээлийг Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгууллаа.
Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ