Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан хэдэн хэдэн асуудлыг шийдэж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-23 12:38:18
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ цөөнгүй асуудлыг шийдвэрлэж өглөө. Тухайлбал, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Азийн хөгжлийн банкны шугамаар ариутгал халдваргүйжүүлэлтийн лаборатори, Цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж, Улаангом сумын 6-р цэцэрлэгийн 230 сая төгрөгийн их засвар, Театр, соёлын төвийн тоног төхөөрөмж, БСУГ-ын багшийн хөгжлийн төвийн засварын ажил зэргийн хөрөнгийг  ирэх оны төсөвт  тусгаж өгөхөөр болсон байна. 

Ерөнхий сайд тус аймагт ирмэгцээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөснийхөө дараагаар аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийсэн юм.
Энэ үеэрээ төрийн байгууллагын бүх шатанд сахилга хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Мөн иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Тэрчлэн төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албан хаагчид авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллах хэрэгтэйг захилаа. Үүнээс гадна асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн за, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг санууллаа.
 
Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцаж байна. Үдээс хойш 14 цагаас “Ойрад” ХЖТ-т ард иргэдтэй уулзалт хийхээр товложээ.
Түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЭМЯ-ны сайд Б.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нарын албаны хүмүүс явж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ