Ирэх тавдугаар сард сургалтын тэтгэлэгт хамрагдах оюутнууд тодорно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд Азийн их сургуульд таван оюутныг 50 хувийн, Нанхуа Их сургуульд мөн таван оюутныг 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэйгээр тус тус суралцуулахаар болжээ.
Завханы Засаг дарга Д.Батсайханы санаачлагаар таван "Сайн" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Сайн оюутан" хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын ЗДТГ, аймгийн БСУГ-тай хамтран Тайвань улсын Азийн Их сургууль, Нанхуа Их сургуульд Завхан аймгаас оюутан суралцуулах гэрээг өнгөрсөн 11 дүгээр сард байгуулжээ. Гэрээний дагуу оюутнуудын хэлний мэдлэг, тодорхой санхүүгийн чадвартай байх шалгууртай дээрх сургуулиудад суралцахаар 25 сурагч бүртгүүлсэн байна. Эдгээр суралцлагчдаас ирэх тавдугаар сарын 1-нд 10 суралцагчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулж авна. Шалгарсан 10 суралцагчийг Глобал удирдагч дээд сургуультай хамтран 9 дүгээр сарын 1 хүртэл англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамруулах юм байна. Мөн сургуулийн байрны төлбөр, зуучлалын зардалд Улиастай сумын ЗДТГ-аас 22 сая төгрөг зарцуулах ба ирж, очих унааны зардал, хоол, ном сурах бичиг гэх мэт нэмэлт зардлуудаа оюутнууд өөрсдөө хариуцах юм байна. Цаашид "Сайн оюутан" хөтөлбөрийн хүрээнд БНСУ, БНХАУ, Польш зэрэг улсуудад Завхан аймгаас оюутан суралцуулахаар аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ-аас төлөвлөөд байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн