Завханд тарваган тахалын нян илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:09:34

Завхан аймгийн зарим сумдын нутгаар тарваган тахлын эмгэг төрөгч нян илэрсэн байна.

Тодруулбал Сонгино, Түдэвтэй сумдын зарим нутгуудад тарвага олноор үхэж байгаа тухай мэдээллийг аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төв хүлээн авч дээрх газруудаас олзворлосон  тарваганы үхдэл болон гадны шимэгч болох бүүрэгнээс өндөр хоруу чанартай тарваган тахлын эмгэг төрөгч нянг илрүүлсэн байна. Аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвөөс  мэргэжлийн баг газар дээр нь очиж, сумын онцгой комиссыг хуралдуулан  заавар зөвлөгөө өгч, голомт нутагт хайгуул хяналт хийж ажиллажээ. Тарваган тахлын нян хурдан хугацаанд тархан эпизоот дэгдэх нөхцлийг бүрдүүлдэг дамжуулагч болох бүүрэгнээс тарваган тахлын өндөр хоруу чанартай эмгэг төрөгч нян илэрч байгаа нь халдварын аюулын эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм.

Иймд тарваган тахлаар хүн өвчлөх эрсдэлтэй байгаа тул хүн амыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын албан даалгавар гарч холбогдох мэргэжлийн байгууллагууд болон сумдын Засаг дарга нарт хүргүүлэн ажиллаж байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд