Хүүхэд, эхнэр,хөгшин ижийгээ зодсон хүчирхийллийн хэргүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-28 16:39:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлддэг бол 80 хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн судалгаа ЦЕГ-т бий. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд мэдээлэх нь чухал үүрэгтэй юм гэдгийг ЦЕГ анхааруулж байна.
“Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад ирснийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай 4 настай Н гэх хүүг төрсөн эцэг, 27 настай Б зодож, биед нь гэмтэл учруулсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Мөн согтуурсан үедээ эхнэрээ зодсон 29 настай, эрэгтэй Т-д холбогдох хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст, 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай, эмэгтэй Т-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт ирсэн гэр бүлийн хүчирхийллийн холбоотой 169 мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна. Тиймээс "Иргэн та гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгнө үү" гэж цагдаагийн байгууллага анхааруулж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ