Өдөрлөгийн үеэр иргэд цалин хөлсний маргааны асуудлаар голдуу зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-28 18:07:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв /ХЗТТ/-ийн хамтарсан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгөх өдөрлөг тус аймагт боллоо. Өдөрлөгийн үеэр 20 орчим иргэн хандаж, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

“Хандаж буй иргэдийн хувьд дийлэнх хувь нь цалин хөлсний маргааны асуудлаар орж ирж байна. Шүүхээр шийдвэрлүүлсэн ч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нөхөж аваагүй, эсвэл хувийн компанид ямар ч гэрээ хэлэлцээргүй ажиллачихаад цалингаа авч чадахгүй байгаа асуудалтай хүмүүс их байна. Мөн орон сууцны маргаан, хүүхдийн асран хамгаалагчтай холбоотой, гэрлэлт цуцлуулахтай холбоотой маргаанууд хэд хэд орж ирлээ. Нэг иргэн эрүүгийн хэрэгт холбогдчихлоо, тиймээс өмгөөлөгч авъя гэж хандсан. Бидний хувьд иргэдэд тухайн маргаантай холбоотой асуудалд хууль эрхзүйн ямар гаргалгаа, боломж байна вэ гэдгийг нь л хэлж өгч байна.” гэж Хууль зүйн туслалацааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг ярилаа.

Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, ХЗТТ-ийн бүс хариуцсан мэргэжилтэн Ц.Болормаа, Улсын өмгөөлөгч Ч.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байгаа. Тэд салбаруудын үйл ажиллагаатай танилцахаас гадна аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, мөн цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

“Биднийг Сүхбаатар аймгийн удирдлагууд их сайхан угтаж авч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Манай байгууллага бол төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчлгээ үзүүлдэг газар. Тиймээс бид цаашид үндэсний хэмжээний хууль зүйн туслалцааны тогтолцоог хөгжүүлэх, төр олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 21 аймагт хуулийн ордонтой болохыг зорьж байгаа. Энэ ажилд дэмжлэг үзүүлэх саналыг удирдлагуудад тавьсан. Аймгийн хувьд бэлэн байр савны хүрэлцээ муу учир шинэ ордон барих газрын асуудлыг шийдвэрлэж өгье гэсэн маш таатай хариултыг бидэнд өглөө.” Хэмээн ХЗТТ-ийн захирал Т.Уранболор хэллээ.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ