“Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-30 17:32:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн 14 дугаар хуралдаанаар "Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг есөн зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд амжилттай хэрэгжсэнээр нийт 55 мянга 57 өрхийн орон сууцны бүтээн байгуулалт хийх юм.

“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилтод заасны дагуу Иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 19-р хороонд “Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах  юм. Уг хотхоныг байгуулах санамж бичигт өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар, ХБНГУ-ын GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек, “Эрэл" компанийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан болон “Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, "Цайз газрын эздийн эко хотхон хоршоо"-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурлаа.
 
Санамж бичигт оролцогч талуудын хувьд GIZ Хотын Нэксус төсөл - Эко хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, ус, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөгөө өгөх юм. “Эрэл" компани нь өндөр чанарын эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил, “Ариг банк” нь өрхийн санхүүгийн чадамжийг тодорхойлж төлбөрийн чадварт нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах юм. Харин “Цайз газрын эздийн эко хотхон хоршоо” нь газраа хувь нийлүүлж төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтэнд бүх талаар дэмжлэг үзүүлэх аж.

Одоогоор тус төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажлыг хийж байгаа бөгөөд энэ оны 7 дугаар сард дуусахаар төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ