Эмэгтэйчүүд сургалтанд хамрагдсанаар өрхийн орлого нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажилласны үр дүнд өрхийн үйлдвэрлэл өнгөрсөн жилээс 20 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилээс эхлэн өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр эмэгтэйчүүдийг уран хатгамал, гар урлалын чиглэлээр шат дараатай сургалтуудад хамруулсан нь нөлөөлжээ.
Үүний нэг нь болох уран хатгамлын 2018 оны анхны сургалт Улиастайд болж 24 сумын 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан байна. Энэ сургалтыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Уран хатгамалчдын "Эгнэшгүй санаа" төв, ДЗОУБ-ын Эдийн засгийн төсөл, МЭХ-ны Завхан салбар хамтран зохион байгуулжээ. "Уран хатгамлын гайхамшиг" ахисан шатны сургалтыг долоо хоногийн хугацаанд зохион байгуулж, сургалтыг уран хатгамалч С.Оюундарь багш удирдан зохион байгуулсан байна.
Энэ үеэр эмэгтэйчүүд уран хатгамал, зүү ороох оёдол, зоосон ширээсний сүлжмэл, зээгт наамал, задгай хатгамлыг ахисан түвшинд заалгаж сурсан байна. Үргэлжлүүлээд сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд сумандаа очоод сурсан мэдсэн зүйлээ бусад эмэгтэйчүүддээ зааж сургах ажээ. Ингэснээр олон эмэгтэйчүүд илүү өндөр түвшинд бүтээлүүд урлаж, өрхийн орлогоо нэмэгдүүлнэ. Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор өнгөрсөн онд 1500 орчим эмэгтэйчүүдийг оёдол, уран хатгамал, эсгий, эсгий эдлэлийн сургалтанд хамруулсан. Харин энэ жил дээрх сургалтуудын ахисан шатыг гурван удаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Эдгээр сургалтуудын үр дүн гарсаар байна. Тухайлбал өнгөрсөн жилээс хойш сургалтанд хамрагдаж буй эмэгтэйчүүд маань олон сайхан бүтээл урлаж аймаг орон нутгаас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцож өрхийн орлогоо нэмэгдүүлж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн