Бэлчирийн бүсийн иргэдээ шаталсан сургалтаар мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:25:49

Удирдах ажилтнуудад мэдлэг өглөө

Сүхбаатар сумын ЗДТГ-аас Дэлхийн Зөн Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран "Хувь хүний хөгжлийн институт"-ын сургагч багш, лектор О.Жаргалсайханыг урин энэ сарын 20-ны өдөр Бэлчирийн бүсийн хэмжээнд 3 үе шаттай сургалтыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний 1-р үе шат болох "Энгийнээр удирдахуй" удирдлагын түвшний сургалтанд Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын Төрийн албаны болон хувийн хэвшлийн байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарыг хамрууллаа. Энд удирдагч хүн өөрийн болон ажилтнуудынхаа ур чадвар, давуу болон сул талуудыг харьцуулан, хамгийн сайн мэддэг байх, ажлын үүрэг даалгаврыг тодорхой өгөх, өгсөн үүрэг даалгавар нь үр дүнтэй байх, ажилтны чадварыг хөгжүүлэх, тэдний мэдлэг болон туршлагыг сайжруулах, ажилтанд байгууллагын холын хараа, зорилгыг таниулах, ойлгуулах улмаар зорилгоо биелүүлэхэд уриалах зэрэг олон асуудлуудын хүрээнд мэдлэг өглөө.

"Амжилтын төлөө хамтдаа!

“Амжилтын төлөө хамтдаа” энэ шатны сургалтанд бэлчирийн бүс болох Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг сумд, Дулаанхаан тосгоны төрийн албан хаагчдыг хамрууллаа.

Энэхүү сургалтаар шинэ урам зоригтойгоор хариуцсан ажлаа хийх хүслийг өдөөх, эрч хүчийг шинээр сэргээх, хувь хүний хөгжил, ажил мэргэжилдээ гаргах амжилтыг нэмэгдүүлэх, байгууллагын үнэ цэнийг хувь хүний үнэ цэнэтэй холбон ойлгож ажилдаа чин сэтгэлээр хандах хандлагыг төрүүлэх, хувь хүний хөгжил, ажил мэргэжилдээ гаргах амжилтыг нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэлээр дүүрэн ажиллах урам зориг олгох, хүмүүс хоорондын харилцаанд өөрийгөө зөв илэрхийлж, өөрийгөө өөртөө итгэлтэй хүн болгон дасгалжуулах зэрэг асуудлуудын хүрээнд өргөн мэдлэг олголоо.  

Гэр бүлийн харилцаа сэдвээр иргэдэд мэдлэг өглөө

"Гэр бүлийн харилцаа"  сургалтанд Сүхбаатар сумын 8 багийн нийт 350 иргэн оролцлоо.

Энэхүү сургалтаар иргэдэд гэр бүлийн талаарх үндсэн ойлголт, эрчүүд ба бүсгүйчүүдийн ялгаатай чанаруудыг танин мэдэх талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн хайрын таван хэл, гэрлэлтийн дараах хямралыг хэрхэн давах, дунд насныханы онцлог, хямралыг давах, зөрчлийг шийдэх нь, гэр бүлийн санхүү болон өрийн асуудал, архидалт ба байнгын хүчирхийлэл зэрэг сэдвүүдийн хүрээнд хэрхэн зөв шийдлийг бий болгох талаар мэдлэг мэдээлэл олголоо.

Иргэдэд эрх зүйн мэдлэгийг сургалтаар өглөө

Монгол Улсын Үндсэн хуулинд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тусгайлан зааж тусгасан байдаг. 

Сүхбаатар сумын 8 багийн иргэдэд дээрх эрхийг таниулах, сурталчлах зорилго бүхий эрх зүйн сургалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сүхбаатар сумын ЗДТГ-аас Сэлэнгэ аймаг дахь Хүний эрхийн комиссын ахлах мэргэжилтэн Д.Гантулгатай хамтран зохион байгуулсан уг сургалтанд Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. Тус сургалтын агуулганд Хүний эрх гэж юу вэ?, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндсэн хуульд хэрхэн тусгасан бэ?, Хязгаарлагдах эрх гэж юу вэ?, Ямар нөхцөлд хязгаарлагдах вэ? зэрэг асуудлууд багтаж байлаа. Мөн сургалтын дараа хууль зүйн зөвлөгөө авах хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ