Говь-Алтай аймгийн Чандмань суманд мах боловсруулах үйлдвэр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-03 14:21:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань суманд Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн 62 сая ам.доллар буюу 160 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжаар мах боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах гэж байна.
 
Тус үйлдвэр ашиглалтад орсноор 13 иргэн жилийн дөрвөн улиралд орон нутагтаа тогтмол ажиллах ажлын байртай болж байгаагаас гадна малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн амьдралд нь бодитой үр дүнгээ өгөх ажээ. 
Тус үйлдвэр нь хоногт 50 бод, 200-300 орчим бог нядлах ба гүн хөлдөөх хүчин чадалтай зоорийн хамт баригдсан байна. 
“Энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сараас барьж эхэлж, богино хугацаанд ашиглалтад орууллаа” хэмээн тус сумын ИТХ-ын дарга  Н.Сутай онцлон ярьсан юм. 
Монгол орны баруун өмнөд хязгаар нутаг болох Чандмань сум нь аймгийн урд бүсийн сумдаас мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг учир тус сумыг сонгон мах боловсруулах үйлдвэр байгуулсан гэнэ.
 
Э.Нарангэрэл
 

Холбоотой мэдээ