Шуурганаар төөрсөн хоёр малчныг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-06 09:53:37

Улаанбаатар/МОНЦАМЭ/ Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар хоёр хоногийн өмнө салхи 16-24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурсны улмаас  Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 161 хүн малдаа яваад сураггүй болсон, тээврийн хэрэгсэлтэй цасанд суусан зэрэг нийт 23 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу  Онцгой байдал, цагдаа, орон нутгийн байгууллагын 137 хүн, 32 тээврийн хэрэгсэл ажиллан, 159 хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалав. Одоогоор Төв аймгийн Бүрэн суманд малдаа яваад сураггүй болсон  хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ