УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-10 09:08:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Үндсэн хуулийн цэцийн энэ оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14 цагаас хуралдах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг тус тус сонсох юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.


Холбоотой мэдээ