МОНЦАМЭ, СИНЬХУА агентлаг хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-04-10 12:10:41
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон БНХАУ-ын СИНЬХУА агентлаг хооронд Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, СИНЬХУА агентлагийн орлогч дарга Лю Жөнрун нар Бээжин хотноо гарын үсэг зурлаа.

Шинэчилсэн хэлэлцээрт туссанаар хоёр агентлаг хятад, орос, англи хэлээрх мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг харилцан солилцох, агентлагийн сэтгүүлч, сурвалжлагч, редактор, техникийн ажилчдын харилцан айчлал хийж, туршлага солилцох, сургалт зохион байгуулах, дадлагажуулах, хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон  үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар болж байна.
Энэ үеэр хоёр агентлагийн удирдлагууд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд “Манай хоёр агентлаг 1958 онд анхны хэлэлцээрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. 60 жилийн ойн босгон дээр Хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчилж байна. Хоёр орны харилцаа бүхий л салбарт шинэ түвшинд хүрч, хэвлэл мэдээллийн салбарын чиг хандлага дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байгаа нь биднийг хэлэлцээрээ шинэчлэхэд хүргэлээ гэж ойлгож байна. МОНЦАМЭ агентлаг СИНЬХУА агентлагтай хамтын ажиллагаагаа чухалчилж үздэг. Уг Хэлэлцээрт туссан ажлуудыг ажил хэрэг болгохын тулд хичээж ажиллана” хэмээлээ.
СИНЬХУА агентлагийн орлогч дарга Лю Жөнрун, Хятад, Монгол хоёр орны харилцаанд хоёр агентлагийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг онцлоод, хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулж буй нь чухал ач холбогдолтой хэмээлээ. Мөн хоёр агентлаг харилцан мэдээ, мэдээллийн гол эх сурвалж болж ажилладгийг тэмдэглээд, хэлэлцээрт туссан ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч, МОНЦАМЭ агентлагийн зүгээс тавьсан саналыг нэг бүрчлэн судлахаа илэрхийлсэн юм.



МОНЦАМЭ болон СИНЬХУА мэдээллийн агентлаг хооронд анх 1958 онд “БНМАУ-ын МОНЦАМЭ агентлаг болон БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн хооронд мэдээ солилцох тухай хэлэлцээр” байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй хөгжиж ирсэн. Түүнчлэн хоёр агентлаг Улаанбаатар болон Бээжин хотод байнгын сурвалжлагч нараа харилцан томилон ажиллуулж, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тогтмол анхаарч ирсэн юм.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ