Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-10 17:30:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Тус төслийн нийт өртөг 16.7 сая ам доллар байхаас тус банкнаас 2.0 сая ам.долларын техник туслалцаа, 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцсон. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, жилийн хүү (хувьсагч хүү) LIBOR+1 байна гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  танилцуулгадаа дурдав. Төсөл хэрэгжснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэн, хог хаях цэгүүдийн хүчин чадлыг 4 сая тонноор нэмнэ. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (CO2)-н хэмжээг 18 мянган тонноор бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах боломж бүрдэх аж. 
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж тайлбар авсаны дараа "Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 дэмжлээ. 
Холбоотой мэдээ