Сумдын худалдаа үйлчилгээний газруудад НӨАТ-ын баримт олгох явдал хангалтгүй байнa

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-16 09:24:40
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газрууд НӨАТ-ын баримт олгох нь нэмэгдэж байгаа ч бүгд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс гадна хөдөөгийн 18 суманд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний газрууд иргэдэд НӨАТ-ын баримт олгох явдал хангалтгүй байгаа аж. 
Хөдөөгийн сумдад 243 худалдаа үйлчилгээний цэг байгаагийн 78 нь НӨАТ-ын цахим системд холбогдож иргэдэд баримт хэвлэж өгдөг байна. Нэмэлтээр 40 цэг цахим системд холбогдож кассын машинтай болох хүсэлтээ ирүүлжээ.
“НӨАТ-ын баримт олгох явдал сум бүрт харилцан адилгүй байгаа. Тухайлбал, Давст, Сагил, Ховд сумдад тус бүр нэг, зарим сумдад 2-5 худалдаа үйлчилгээний газар баримт олгож байна. Энэ нь хөдөө сумдад амьдарч буй иргэд өдөр тутам үйлчлүүлсэн газраасаа НӨАТ-ын баримт авах боломж хомс гэсэн үг. Цаашид бүх сумдыг нэгдсэн байдлаар баримт олгодог болгох ажил үе шаттай хэрэгжих бөгөөд үүнд аймгийн Татварын хэлтсээс анхаарч ажиллана” хэмээн аймгийн Татварын хэлтсийн байцаагч Н.Түмэннасан хэллээ.
Үүнээс гадна 2018 оны 1-р улирлын татварын тайлангийн ирц хангалтгүй байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагуудыг хуулийн хугацаанд амжиж тайлангаа ирүүлэхийг аймгийн Татварын хэлтсээс анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ