ОХУ-тай радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-04-19 11:14:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Энэ удаагийн уулзалтаар ОХУ-тай гурван гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёр гэрээг шинээр байгуулахаар харилцан тохиролцож, гэрээний нөхцлүүдийг эцэслэн тохирсноор гарын үсэг зурж, баталгаажуулах юм. Монгол, OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр “Чингис” зочид буудалд болов.
Уг гэрээнд Монголын талыг төлөөлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар гарын үсэг зурав.
Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны шинэ техник технологи болох тоон радио, телевиз болон үүрэн холбооны дараа үеийн 4G үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрхзүйн боломж бий болно хэмээн талууд үзэж байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс болон ОХУ хоорондын хил орчмын радио давтамжийн харилцан нөлөөллийг зохицуулах анхны ажил нь тухайн үеийн БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны яам хооронд радио давтамжийн таван зурвасыг хамарсан “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дециметрийн цараа дахь үелзлийн хэрэглээг зохицуулах хэлэлцээр”-ийг 1983 онд  байгуулснаар эхэлж байсан бөгөөд 2013 онд нийт 11 давтамжийн зурвасыг хамарсан 6 төрлийн гэрээ байгуулсан нь хил орчмын ард иргэд болон хилээр зорчигчдод харилцаа холбооны үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач тусаа өгчээ.
Ж.Болор

Холбоотой мэдээ