БНСУ-д үйлчилгээнээс хасагдсан автобусыг Монгол Улс импортолдог гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-20 14:54:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгжийн 837 тээврийн хэрэгсэл 87 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Дээрх аж ахуйн нэгжүүд өдөрт 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг аж. Нийт тээврийн хэрэгслийн 38 хувь нь арваас дээш жилийн насжилттай байгаа аж. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд БНСУ-ын дотоодын стандартаар үйлчилгээнээс хасагдсан автобус импортлон, ашигладаг гэдгийг Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ. Жил бүр 150-200 автобус эвдрэл гэмтэл, насжилтаас шалтгаалан үйлчилгээнээс хасагддаг тул стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаагааг дурьдлаа.

Мөн үеэр "Смарт карт" компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэхүү компанийн 24 хувийг нийслэл эзэмшдэг. Тус компани сар бүр шугамын орлогын болон хөнгөлттэй зорчих иргэдэд олгох татаасын 9.6 хувийг авдаг байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, "Нийтийн тээврийн байгууллагад хуримтлагдсан хууль бус асуудлуудын талаар мэдээлэл гарах болсон. Үүнийг Аудитын байгууллага болон АТГ, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой" гэв.

Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ муу, тав тухгүй, жолооч нь автобусандаа тамхи татдаг, хурд хэтрүүлдэг зэрэг гомдол иргэдээс байнга ирдэг. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах зайлшгүй шаардлагатай" гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ