Түр замын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-20 16:52:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихтай холбогдуулан тавьж буй Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 метр замын ажлын явцтай танилцлаа.

Нийт тавин найман түр замаас энэ зам хамгийн их ачааллыг авна хэмээн үзэж байгааг Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Уг замын бүтээн байгуулалтыг Улаанбаатар зам арчлалтын компани гүйцэтгэж байгаа бөгөөд дуусах шатандаа оржээ. Бусад замууд ч дуусах шатандаа орсон бөгөөд явган хүний зам болон бусад шаардлагатай тоноглолын ажлууд үлдсэн байна. Одоогоор бүх түр замын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа аж.

Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 метр зам нь төмөр зам дайран өнгөрч буй тул аюулгүй байдлыг сайтар хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Төмөр замыг дайран өнгөрөх хэсэгт замын цагдаагийн уулзварт байрлах хөдөлгөөн зохицуулах төхөөрөмжийг байрлуулахаар ажиллаж байгаа аж. Уг төхөөрөмжийг амралын өдрүүдэд бүрэн байрлуулж, энэ сарын 23-ны 05.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.
 
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, "Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Хөгжиж байгаа хотыг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаар тодорхойлдог. Дэлхийн хотуудад уулзварыг дандаа давхар гүүрэн гарцаар шийддэг. Нэг км яваад л дөрвөн замын уулзвар дээр таг гацдаг хот Улаанбаатараас өөр байхгүй. Тиймээс анхны гүүрэн гарцын ажлыг иргэд маань дэмжиж, тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна" гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ