Энх тайвны корпусын ажилтнууд эх дэлхийгээ хайрлах талаар хичээл заалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-21 16:27:45
  Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт ажиллаж, амьдарч байгаа Энх тайвны корпусын сайн дурын дөрвөн ажилтан өчигдөр Төв номын сангийн байранд буюу Америкийн соёл мэдээллийн төвд Earth day сэдвээр 40 минутын хичээл заалаа. Уг хичээлээр байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, хог хаягдлыг хэрхэн зөв зохистой ангилж ашиглах, усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм.
Энэхүү хичээлд Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төрийн албан хаагчид, жирийн иргэд хамрагдлаа. Үүнээс гадна Энх тайвны корпусын сайн дурын ажилтан, англи хэлний багш Lauren Wiseman Ахлах 4 дүгээр сургуулийн 10г ангид, Mai Sia yang Цогцолбор 2-р сургуулийн 10д ангид "Earth day" сэдвээр тус тус өчигдөр нэг цагийн хичээл заасан байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн тунхаглаж, 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ өдрийг угтан олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулах зорилгоор олон төрлийн ажил зохион байгуулдаг аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ