Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтад зориулсан хэвлэл мэдээллийн төв нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-26 08:49:56
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захад орших Солонгосын олон улсын үзэсгэлэнгийн төвд хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад зориулсан хэвлэл мэдээллийн төвийг нээсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт  маргааш дээд хэмжээний уулзалт хийх юм.

Энэ уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан 10 мянган хав.дөр метр талбай бүхий хэвлэл мэдээллийн төв нь 1000 хүний суудалтай бөгөөд дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах нэг том дэлгэцтэй гэнэ. Өнөө өглөөнөөс бямба гарагийн өглөө хүртэл нээлттэй байх тус төвөөс Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүмүүс шуурхай мэдээлэл дамжуулж, шинжээчид мөн хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны мэдэгдсэнээр, хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар 3000 орчим сэтгүүлч бүртгүүлээд байгаа аж. Энэ нь 2000 болон 2007 онд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн тооноос хоёр дахин олон гэсэн үг юм.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ