Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монголд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-27 16:33:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын урилгаар Лаосын Вант Улсын улс төрийн нам болох Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын багт Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны дарга Сүнтон Саяачак, Тамгын газрын дарга Кхамфан Анлаван, Ази, Номхон далай, Африкийн газар/АНДАГ/-ын дарга Манила Сумбандид, АНДАГ-ын Зүүн Хойд-Өмнөд Ази, Ойрхи дорнод, Африкийн хэлтсийн дарга Фонгээв Кхампавог, Нэгдсэн бодлогын газрын хэлтсийн орлогч дарга, Тонгсават Пантавонг, АНДАГ-ын Монголын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Консамай Саяачак нар багтаж байгаа юм.

Төлөөлөгчдийн өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр намын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж санал солилцсон байна. Түүнчлэн Лаосын эрх баригч намын зүгээс Монголын томоохон бизнес эрхлэгчдийг тус улсад хөрөнгө оруулж хамтарч ажиллах чиглэлд санал тавьжээ.

Мөн энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч Ази төдийгүй Европ тивд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудтай хамтран ажиллаж байна. Тодруулбал, олон улсын намуудын зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтуудад идэвхтэй оролцож, улс төрийн намууд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, ажил хэрэг болгоход илүү анхаарч ажиллах ёстой гэдэг чиглэлд хамтран ажиллаж байгаа” гэдгийн онцолсон байна.

Хоёр улс хоорондоо дипломат харилцаа тогтоогоод 56 жил, хоёр нам хоорондын хамтын ажиллагаагаа эхлүүлээд 44 жил болоод байгаа юм. Энэ хугацаанд эрх баригч намуудын харилцаа үндэсний баяр, тэмдэглэлт ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас харилцан тогтмол солилцож, намуудын харилцаа идэвхжиж, олон тооны дээд, өндөр хэмжээний төлөөлөгчид харилцан айлчилж ирсэн. Энэхүү айлчлал нь хоёр нам, цаашлаад Монгол Лаос улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Монгол Улс, Лаосын Вант Улсын хооронд 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд  МАН, ЛАХН-ын харилцааны эхлэл Лаосын ард түмний эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо олж авахын  төлөөх тэмцлийн үеэс тавигдаж, манай талаас сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажиллагааг МАН-аас зохион байгуулж байжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ