Арменийн парламент Никола Пашиняныг ерөнхий сайдаар сонгосонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-02 08:54:09
ЕРЕВАН. /РИА Новости/. Арменийн Үндэсний хурлын /парламент/ депутатууд тус улсын ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигч Никола Пашиняны эсрэг санал өгчээ. Парламентын мягмар гарагт болсон тусгай хуралдаан дээр эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Н.Пашинян болон түүнийг дэмжсэн намын бүлгүүд эрх баригч Бүгд найрамдах намын депутатуудад итгэл төрүүлж чадаагүй аж.
 
Тус улсын парламентын хэвлэлийн албанаас мэдээлснээр, хуралдаанд оролцсон 103 депутатаас Никола Пашиняныг 45 нь дэмжсэн бол 56 хүн эсрэг санал өгсөн байна. 2 депутат санал хураалтад оролцоогүй ажээ.
 
Тус улсын парламент энэ асуудлаар тавдугаар сарын 8-нд дахин хуралдана гэж Үндэсний хурлын дарга Ара Баблоян мэдээлсэн байна. Арменийн хууль тогтоомжийн дагуу депутатууд ерөнхий сайдыг сонгож чадаагүй бол эхний санал хураалтаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулах ёстой ба хоёр дахь санал хураалтаар мөн л сонгож чадаагүй бол парламент тарах ёстой юм байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ