Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай хаана, хэзээ уулзахаа тун удахгүй зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-02 09:55:16
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ дээд хэмжээний уулзалт хийхээ ойрын хэд хоногийн дотор нийтэд зарлахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Уулзалтын товыг гаргахаар яг одоо ажиллаж байна.  Кимтэй хаана, хэзээ уулзахаар болсноо та бүхэнд ойрын өдрүүдэд зарлах болно” гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин саяхан “Д.Трамп бол Нобелийн Энх тайвны шагнал хүртэх гавьяатай хүн” гэж хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Д.Трамп хэлэхдээ “Мүний сайхан сэтгэлд талархаж байна. Энх тайван байдлыг цогцлоохыг бид эрмэлзэж байна. Бүх юм санаснаар болно гэдэгт найдаж байна” гэжээ.
 
АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалт болж магадгүй гэгдэж буй газруудын тоонд өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болсон Панмүнжом тосгон болон Сингапур багтаж байгаа тухай Д.Трамп уржигдар мэдэгдэл хийх үеэрээ цухас дурдсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ