Н.Пашинян бүх зам болон гудамжийг хаахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-02 13:16:52
МОСКВА. /РИА Новости/. Арменийн Үндэсний хурлын депутатуудын дийлэнх нь сөрөг хүчний удирдагч Никол Пашиняныг ерөнхий сайдын албан тушаалд сонгогдохыг дэмжээгүй нь тодорхой болсны дараа Н.Пашинян төрийн албан хаагчдад бүх нийтээр ажил хаяхыг уриалахын сацуу гудамж болон замуудыг хааж иргэний үл захирагдах ажиллагааг явуулахыг дэмжигчиддээ уриалжээ.

Тэрбээр хэлэхдээ “маргааш төрийн албан хаагчид бүх нийтийн ажил хаялт зарлах хэрэгтэй. Бид иргэний үл захирагдах ажиллагааг явуулж нисэх онгоцны буудалд хүрэх зам болон бусад бүх гудамж, замыг хаана. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид урьдын адил ард түмний дэвшүүлсэн нэр дэвшигчийг ерөнхий сайдаар сонгохыг шаардах болно” гэжээ.
 
Н.Пашиняны дэмжигчид Ереван хотод жагсаал цуглаан хийхэд бэлэн байгаагаа  илэрхийлсэн байна.
 
Н.Пашинян ерөнхий сайдаар сонгогдохын тулд 53 санал авах шаардлагатай байсан хэдий ч парламентын мягмар гарагт болсон тусгай хуралдаанд  оролцсон 103 депутатаас түүнийг 45 хүн  дэмжсэн юм.

Тус улсын парламент энэ асуудлаар тавдугаар сарын 8-нд дахин хуралдах аж. Арменийн хууль тогтоомжийн дагуу депутатууд ерөнхий сайдыг сонгож чадаагүй бол эхний санал хураалтаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулах ёстой ба хоёр дахь санал хураалтаар мөн л сонгож чадаагүй бол парламент тарах ёстой юм байна.
 
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ