Цөмийн туршилтын талбайг хаах ажиллагаанд оролцох боломжийг хэлэлцэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-02 14:00:19
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ Умард Солонгос дахь цөмийн туршилтын талбайг хаах ажиллагаанд ажиглагчийн хувиар оролцох боломжийг хэлэлцэх, түүнчлэн хоёр улсын хилийг заагладаг цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөхөд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газарт тараасан мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд “Хоёр Солонгос яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг НҮБ бүрэн дэмжиж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан дэмжлэг үзүүлэх боломжтой арга замуудыг хэлэлцэхэд бэлэн байна” гэжээ.

“Умард Солонгосын эрх баригчид цөмийн туршилтын “Пунгери” талбайгаа ирэх сард бүрмөсөн хаана гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд ингэж тохиролцсон.Тус байгууламжийг хаах үйл явцыг олон улсын шинжээчид болоод хэвлэл мэдээллийнхэнд ил тодоор харуулна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэлсэн” гэж Хөх ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ён Ян Чань өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ