УИХ-ын таван байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРӨнөөдөр УИХ-ын таван байнгын хороо Төрийн ордонд хуралдана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Б” танхимд хуралдах ба Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлын холбогдох хэлэлцүүлгийг хийнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд эхэлж, 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно. Мөн намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох аж
Өргөдлийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн болон Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох гэнэ.
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд хуралдах бөгөөд Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай хэлэлцэх юм. Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулгыг сонсоно.
Б.Туул