Арменийн соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-03 10:14:20
ЕРЕВАН. /ТАСС/. Арменид болж буй нөхцөл байдлаас үүдэн тус улсын соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч Армен Амирян албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ. Энэ тухай Арменийн Соёлын яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Рузан Хачатрян сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Арменийн Үндэсний хурлын депутатуудын дийлэнх нь сөрөг хүчний удирдагч Никол Пашиняныг ерөнхий сайдын албан тушаалд сонгогдохыг дэмжээгүй нь тодорхой болсны дараа Н.Пашинян төрийн албан хаагчдад бүх нийтээр ажил хаяхыг уриалахын сацуу гудамж болон замуудыг хааж иргэний үл захирагдах ажиллагааг явуулахыг дэмжигчиддээ уриалсан билээ.
 
Жагсаал цуглаанд оролцож буй хэдэн арван хүн өчигдөр Арменийн Соёлын яамны байрны дэргэд цугларан соёлын сайдыг сөрөг хүчнийхний хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан байна.
 
Н.Пашинян ерөнхий сайдаар сонгогдохын тулд 53 санал авах шаардлагатай байсан хэдий ч парламентын мягмар гарагт болсон тусгай хуралдаанд  оролцсон 103 депутатаас түүнийг 45 хүн дэмжсэн юм.
 
Тус улсын парламент энэ асуудлаар тавдугаар сарын 8-нд дахин хуралдах аж. 
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ