Баруун хойтын үндэстний их сургуультай хамтран ойрад судлалын боть гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-03 16:58:51
Ховд/МОНЦАМЭ/ Ховд Их Сургуулийн захирал В.Сайнбаяр БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуульд туршлага судлан мэргэжил дээшлүүлж ирсэн эхний  ээлжийн багш нарыг хүлээн авч уулзан томилолтын үр дүнгийн талаар санал солилцлоо.
Багш нар энэ удаагийн томилолтоор Баруун хойтын үндэстний их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцан, өөрсдийн судалгааны чиглэлээр багш, профессоруудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах чиглэлээ хэлэлцэн тохиролцсон ихээхэн үр дүнтэй ажил болсныг танилцууллаа.
Дэлхийн Ойрад судлалын төв болсон тус сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Ойрад судлалын сонгомол бүтээл” 50 ботийг гаргахаар тохиролцсон байна. Цаашид  харилцаа, холбоогоо улам бататгаж, ирэх 2019 онд Ховд Их Сургуулийн хоёр  багш тус сургуульд Засгийн газрын тэтгэлгээр докторантурт суралцахаар болсон байна.
Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр туршлага судалдсан багш нарынхаа  сургалт, судалгааны ололт амжилттай танилцан, баяр хүргэж, амжилт хүсээд “Ойрад судлалын сонгомол бүтээл“ 50 ботийг бүтээхэд хамтран оролцох судлаачдын судалгааны материал цуглуулах, бүтээл туурвих, гадаад дотоодод судалгааны ажлаар явах зэрэг ажлыг дэмжихээ илэрхийллээ.
Энэ удаагийн багш нарын туршлага судлах ээлжийн томилолт нь өнгөрсөн онд тус сургуулийн  удирдлагууд БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнг харуулсан томоохон ажил болсон төдийгүй, хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил авчирсан үр дүнтэй айлчлал болсон байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ