Үндэсний бичиг үсгийн баярын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-03 18:09:49

Завхан /МОНЦАМЭ/.Завханд Үндэсний бичиг үсгийн баярын нээлт боллоо. Энэ өдрийг  “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор аймгийн ИТХ, Боловсрол, Соёл, Урлагийн газар, аймгийн Төв номын сан хамтран зохион байгууллаа.
Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн бийрэн бичлэгийн сургалт, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, Ном бол ертөнцийг харах цонх мөн сэдэвт илтгэлийн уралдаануудыг амжилттай зохион байгуулав. 

Дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор Монгол Улс даяар тэмдэглэж байна.

Бийрийн бичлэгийн сургалтанд оролцогчид үзэсгэлэн гаргав


Энэ өдөр үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд бийрийн бичлэгийн сургалтыг аймгийн ИТХ, Төв номын сан хамтран зохион байгууллаа.
Сургалтыг эх хэл бичиг соёлоо сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улиастай сумын ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион явуулжээ. Сургалтанд 20 гаруй сурагч бийрийн бичлэгийг хэрхэн ямар дарааллаар бичих тухай сурсанаас гадна өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна. Үзэсгэлэнд 50 гаруй бийрийн уран бичлэгийн бүтээл тавигдсан бөгөөд хүүхдүүдийн анх сурч байсан бичлэг хийгээд сургалтын дараах бичлэгийг харьцуулан дэлгэсэн нь сонирхол татаж байв. Цаашид энэхүү сургалтыг Монгол бийрийн бичлэгт суралцах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй заана. Ер нь бийрээр уран бичлэг бичихэд сэтгэлийн тэвчээр асар их шаардана. Бас суух, анхаарлаа төвлөрүүлэх чадвар их шаарддаг. Нэг л алдаа гаргахад засах ямар ч боломжгүй, бүр эхнээс нь эхлэх ёстой болдог. Тиймээс энэ бичлэгийг сонирхон судлах, бичих хүүхдүүд маань анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг болох онцлогтой. Манай багш надад хэлэхдээ нүдний ур гарын ур сэтгэлийн ур гурав нийлж байж монгол бичгийг, монгол бичгийн уран бичлэгийг бичдэг хэмээн зааж сургаж байлаа хэмээн аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, бийрийн бичлэгийн багш И.Чойжилжав хэллээ.    

Үндэсний бичгийг сонирхон судлахад нь урам өгөв


Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан тэргүүний уншигч шалгаруулах, зөв сайхан бичигтэн уралдаануудад нийт 40 орчим багш, музей, номын сан, цэцэрлэгийн ажилтан, эцэг эхчүүд оролцлоо.
Энэ удаагийн уралдаанд мэргэжлийн монгол бичгийн багш нарыг оролцуулаагүй бөгөөд төрийн байгууллагын ажилчид, эцэг эхчүүдэд үндэсний монгол бичгийг сонирхон судлах сэдлийг нь төрүүлэх, урам өгөх зорилготой болсноороо онцлог болов. Уралдаанд оролцогчдыг үндэсний монгол бичгээр бичиж хэвэгддэг “Хүмүүн бичиг сонин” болон эрдэмтэн судлаачдын бүтээлүүдээс уншуулж, бичүүлжээ. Ийнхүү зөв сайхан хурдан бичигтнээр Улиастай сумын Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн мэдээлэл зүйн багш Р.Энхцолмон түрүүллээ.  Харин монгол бичгээр хурдан алдаагүй уншигчаар Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн математикийн багш Б.Цэрэннадмид тэргүүлсэн байна.

Сурагчдын ном унших чадварыг хөгжүүлэх сэдэвт илтгэл тэргүүллээ


Эх хэл бичиг соёлоо сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан илтгэлийн уралдаан “Ном бол ертөнцийг харах цонх” сэдвээр зохион байгуулагдлаа.
Илтгэлийн уралдаанд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 20 гаруй сурагч оролцлоо. Хүүхдүүд энэ үеэр үе тэнгийнхэн болон, багш, эцэг эхчүүддээ ном унших гайхамшиг, номыг хэрхэн яаж зөв зохистой хэрэглээ болгох, ангийн номын сангийн ач холбогдол, гэртээ номын сантай болцгооё, номыг зөвхөн номын санд уншдаггүй гэхчлэн сонирхолтой сэдвүүдээр судалгаа хийж илтгэл тавьжээ. Ийнхүү Улиастай сумын Чандмань Эрдэнэ лаборатори сургуулийн 12г ангийн сурагч Ч.Амаржаргал “Сурагчдын ном унших чадварыг хөгжүүлэх” сэдвээр бэлтгэсэн судалгаа, илтгэлээрээ тэргүүллээ.  

Б.Мягмарсүрэн 


Холбоотой мэдээ