Татвар төлөгч, бүтээн байгуулагч компаниудтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-09 17:48:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Татвар төлөгчдийн өдрүүд” энэ долоо хоногт болж байна. Татварын байгууллагаас татвар төлөгчдөд татвар төлсөнд  "Талархал" илгээж, иргэд, оюутан залуус, хүүхэд багачуудад татварын талаар сургалт хийхээс гадна татвар төлөгчдөө сурталчлан таниулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Татварын ерөнхий газраас автобустай аялал зохион байгууллаа.
Аялалд Сэтгүүлчид, Дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар оролцож хамтдаа “ТЭСО” корпораци, “Эрэл” группийн байшин үйлдвэрлэх комбинат (БҮК-1)-аар орж бүтээн байгуулалтын ажилтай танилцан  “Грийн сити гарден” ХХК-ийн "Мөнх зун" хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. 
“ТЭСО” корпораци анх “Ice mark” зайрмаг гаргаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр хүнсний 8 үйлдвэртэй, барилга, уул уурхай гээд олон салбарт бизнесээ өргөжүүлж БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг оронд сард 300 тонн хуурай сүү нийлүүлж, аарц хуурайшуулах технологи нэвтрүүлэн БНХАУ-ын дэлхийд алдартай “Алибаба” групптэй бизнес санхүү, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр хамтран ажиллаж байна. Эдний анхдагч “Зөв” аарцны ундааг сургуулийн хүүхдүүдээс эхлээд олон нийтийг хангах “Монгол баялаг” төсөл хэрэгжүүлэх болсноо ч дуулгав. Мөн “Эрэл” группийн Байшин үйлдвэрлэх комбинат эх орны түүхий эдээр чанарын өндөр түвшинд барилгын материал, орон сууц, сургууль цэцэрлэгийн барилгыг иж бүрнээр барьж байгуулж байна. Дээрх аж ахуйн нэгжүүд нь улсын төсөвт татварын орлогоор тэргүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэгч бүтээн байгуулагчдын төлөөлөл гэдгээр ийнхүү үйл ажиллагаатай нь  танилцууллаа.
Б.Болд

Холбоотой мэдээ