“Бурхан Халдун” уулыг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн Батламжийг гардаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 15:18:57

Парис хотноо болж байгаа Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын дээд түвшний уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова “Бурхан Халдун” уулыг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан байна.

Өнөөдөр болсон ГХЯ-ны “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр энэ тухай мэдээллээ. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Бурхан Халдун” уулыг төрийн тахилгат уул болгож, ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвд бүртгүүлэх зарлиг гаргаж байсан нь ийн биеллээ олсон юм.

Мөн энэ сарын 30-наас БНФУ-д болж буй Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын дээд түвшний уулзалтын талаар мэдээлэл хийлээ.

Уг уулзалтад дэлхийн 150 гаруй орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр дээд түвшний манлайлагчдын уулзалтад үг хэлсэн байна.

Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлт бол терроризмтэй ижил түвшинд аюул учруулж буй зүйл юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох чиглэлээр тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор оролцогч талууд Олон улсын хамтын нийгэмлэгт санхүүгийн тусламж өгөх, хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр татвар төлөх замаар хариуцлагаа улам бүр нэмэгдүүлэх ёстой гэсэн саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ