8000 гаруй үхсэн малын сэг зэмийг түүж, устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-10 16:51:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 4 дүгээр сарын 28-наас долоо хоногийн хугацаанд сумын төвөөс хааш хааш 50 км-ийн тойрогт байгаа үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж, устгах ажлыг зохион байгууллаа. Энэ ажлаар тус сумын харъяат нийт 187 малчин өрхийн 132 өвөлжөө, хаваржаа, бэлчээрт байсан 8296 малын сэг зэмийг цуглуулж, нүхэнд булж устгажээ.

Торуулбал, Цогт, Таван толгой, Тариа, Хадан хөв, Шаргын уул, Бор нуруу, Өлгий гэсэн долоон  цэгт устгалын нүх ухан, сэг зэмийг булжээ. Мөн 19,8 мянган метр квадрат талбай бүхий газарт хлорын шохой зэрэг бодис ашиглан ариутгал халдваргүйтгэл хийв.

Хэдийгээр цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг холбогдох газрууд энэ мэтчилэн хийж байгаа ч сумын төвөөс таван км радиус дотор үхсэн мал, нохойн сэг, зэмийг хаях явдал удаа дараа гарсаар байгааг хэлж байна. Тиймээс сумын ЗДТГ-аас хог болон малын сэг зэмийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хаясан иргэдийн талаарх  мэдээллийг тусгай утсанд /7051-1111/авахаар болж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажилд хамтран ажиллахыг уриалжээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ