Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-01 16:58:19

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ.

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт ирүүлж, түүнийг УИХ хүлээн авч 94 дүгээр тогтоол гаргасан.

Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Ерөнхийлөгч хоригтоо “Ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, цаашлаад шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэх зэрэг үндэслэлээр УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм. Хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавих ёсгүй. Энэ байдлаар бол цаашид ийм жишиг нийгэмд тогтох юм биш биз" гэсэн асуудлыг тавьж байсан. Харин Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, "Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй огт хамаагүй. УИХ-ын тогтоолтой холбоотой" гэсэн тайлбарыг өгч байв.

Б.Туул

Холбоотой мэдээ