Умард Солонгосын төлөөлөгчид Хятадад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-14 13:35:52
БЭЭЖИН. /Эн-Эйч-Кэй/. Умард Солонгосын төлөөлөгчид Хятад улсад айлчилж байгаа тухай Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгчид өнөө өглөө Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан аж. Өнөө өглөө нисэх онгоцны буудалд аюулгүй байдлыг чангатгаж, ердийнхөөс олон цагдаа хамгаалалтад гарсан байжээ.

Төлөөлөгчдийг Умард Солонгосоос Хятадад суугаа Элчин сайд угтан авсан нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өндөр дээд түвшний албан тушаалтан явааг илтгэж байна гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлсэн байна.

АНУ болон Умард Солонгос хоорондын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт удахгүй болох гэж буй энэ цаг үед Бээжин болон Пхеньян харилцаагаа улам бүр бэхжүүлж, талуудын өндөр дээд албан тушаалтнууд харилцан айлчлал хийсээр байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гуравдугаар сард Хятадад хилийн чанад дахь анхны айлчлалаа хийсэн бол өнгөрсөн долоо хоногт тус улсад дахин айлчилсан билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ