Аймгийн хэмжээнд хулгайн хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-14 15:17:29
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар /ЦГ/ “Хулгайлах гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт зөвлөлгөөнийг энэ өдөр зохион байгууллаа. Тус аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралын байдлаар хулгайн 40 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 29 нь орон байр, өмчийн хулгай бол 11 нь малын хулгай байгаа юм. Хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 4,5 хувиар өссөн бол гэмт хэргийн илрүүлэлт 33 хувьтай байна.

Хулгайлах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, хулгайлах гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл солилцох, уг гэмт  хэрэгтэй тэмцэх чиглэлийг тодорхойлж, тодорхой ажлыг төлөвлөн үр дүнг тооцож ажиллах нь энэхүү зөвлөлгөөний гол зорилго юм. Зөвлөлгөөнд аймгийн ЦГ-ын бие бүрэлдэхүүнээс гадна сумдын Цагдаагийн тасаг, хэсгийн дарга, төлөөлөгчид, сумдын хөдөөний багийн засаг дарга нар оролцов.

Эрдэнэцагаан сумын Цагаагийн тасгийн дарга, хошууч Ж.Энхтөр, “Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн том сум. Тэр ч утгаараа хөл хөдөлгөөн маш ихтэй. Хулгайлах гэмт хэргийн тухайд оны эхний дөрвөн сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурсан бол орон байрны хулгай эсрэгээрээ нэмэгдсэн байгаа. Тиймээс Цагдаагийн тасгийн зүгээс сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран хууль сурталчлах, иргэдэд мэдлэг мэдэлэл олгох ажлыг тогтмол хийж хэвшээд байна.” гэв.

Харин Түмэнцогт сумын тухайд мянганы зам дагуу байрладаг учир малын хулгайн гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдаг. Он гарсаар зөвхөн сумын төвийн багийн мал бүхий айл өрхүүд малаа хулгайд алдсан тохиолдол зургаа бүртгэгджээ. Хулгайн тээвэрлэлтийг илрүүлэх зорилгоор мянганы зам дээр хяналтын пост тогтмол ажилладаг ч үүгээр илрүүлсэн хулгайн тээвэр цөөхөн байдаг тухай тус сумын дөрөвдүгээр багийн засаг дарга Г.Мөнхчулуун хэллээ.

Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ, Онгон сумдад малын  хлгайн гэмт хэрэг хамгийн ихээр гардаг байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ