АНУ болон Израильд суугаа элчин сайдуудаа Турк улс эргүүлэн дуудлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-15 10:21:50
АНКАРА. /РИА Новости/. Газын зурваст өрнөсөн палестинчуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр Израилийн цэргийн зүгээс хүч хэрэглэсний улмаас Палестины 50 иргэн амь үрэгдсэнтэй холбоотойгоор зөвлөлдөх уулзалт хийхээр Вашингтон болон Тель-Авивд суугаа элчин сайдуудаа Туркийн эрх баригчид эргүүлэн дуудах шийдвэр гаргажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өчигдөр мэдэгдсэн байна.
 
“Израилийн эрх баригчдын энэ үйлдэлд бид хатуу хандана. Лалын хамтын ажиллагааны байгууллагын шуурхай хуралдаан ирэх баасан гарагт Истанбул хотод болно гэж найдаж байна. Түүнчлэн бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шуурхай хуралдуулах санал тавьж, олон орны удирдагчидтай яриа хэлэлцээ хийнэ. Маргаашнаас орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж байна” гэж Т.Эрдоган “NTV” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор Газын зурваст эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд үүссэн сөргөлдөөний улмаас палестины 55 иргэн амь үрэгдэж, 2700 хүн бэртэж гэмтсэн байна. Газын зурвас дахь нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хэлэлцэх аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ