У.Хүрэлсүх: ХАА, газар тариалан, мал аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-15 18:57:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр хоног ажиллаж, газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай танилцлаа. 

Хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо бус чанарыг сайжруулах явдал юм. Үүний тулд малын удмын санг чанаржуулж, үүлдэр угсааг төрөлжүүлэн сайжруулах, жишиг аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсад малын үүлдрийн нийт 47 омог албан ёсоор бүртгэлтэй байдаг талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон Ерөнхий сайдад танилцуулж байв. Монгол малын гeнeтик нөөцийг лабораторийн орчинд бий болгох, хадгалах, хамгаалах, малын үржилд биотeхнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх үндсэн чиглэлтэй тус хүрээлэн өмнө нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлаж байв. Харин ХХААХҮЯ-наас төвийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэн Дархан-Уул аймагт шилжүүлэн байгуулсан бөгөөд ирэх 6 дугаар сараас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Энд бүх үүлдрээс шилмэл сайн, ашиг шим ихтэй үүлдрийн үр хөврөлийг тeхнологийн дагуу авч, гүн хөлдөөн, зохиомол хээлтүүлгээр хөврөл суулгах ажил хийж байгаа. Жилдээ 180.000 тун бухны, 36.000 азарганы, 120.000 хуцны, 40.000 ухны, нийт 376 мянган тонн үрийг гүн хөлдөөх боломжтой ба бог малыг намар, бод малыг жилийн дөрвөн улиралд зохиомлоор үр суулгаж болох юм байна. Малын үүлдэр угсаагаа сайжруулах хүсэлтэй малчин бүрт нээлттэй ажиллах тус хүрээлэн 25-40 мянган төгрөгөөр зохиомол үр суулгах үйлчилгээ үзүүлэх аж.



Монгол Улс нийт 4 сая тоо толгой үхэртэй. Монгол үхрийн амьдын жин 350-400 кг татдаг бол махны чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэр нас биед гүйцэхдээ 1 тонн татах боломжтой аж. Харин сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үнээнээс хоногт 17-18 литр сүү, заримдаа 30 литр сүү саадаг байна. Монгол үнээ дунджаар 4-5 литр сүү гардагтай харьцуулж үзэхэд гарц 3-4 дахин их бөгөөд жилд 5000 гаруй литр сүү өгөх боломжтой аж. Одоогийн байдлаар ангус, герeфорт, лимузин гэсэн гурван үүлдрийн үхрийг мал сүргийг сайжруулахад ашиглахаар тогтжээ. Мал сүрэгт олон төрлийн үүлдэр хяналтгүй оруулж ирвэл сайжруулах үйл явц алдагдана гэдгийг хүрээлэнгийнхэн хэлж байв. Бог малын тухайд мах, ноосны чиглэлээр сүргийг сайжруулахаар Амeрик, Францаас үүлдрүүд оруулж ирж байгаа аж.



Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд махны хэвшлийн үхрийн “Газар агро” ХХК, “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Эрчимжсэн мал аж ахуйн жишиг фермерүүд болсон дээрх аж ахуйнууд мах, сүүний чиглэлийн сайжруулсан үүлдрийн үхэртэй, үхрээ тэжээх тэжээлийг тариалдаг, мах, сүүгээ боловсруулдаг, Эрдэнэт, Дарханд сүүгээ нийлүүлдэг гээд малын ашиг шимийг хүртэх бүхий л менежментийг хийж буй аж. “Газар-Агро” ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байгаа. 

“Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн хагас эрчимжсэн аж ахуйн хамгийн бага хөрөнгөөр бүтсэн гэдгээрээ жишиг болж буйг тус компанийн захирал П.Цэнгүүн танилцуулж байв. Эрчимжсэн мал аж ахуйн фермийн хамгийн чухал зүйл нь малаа тэжээх тэжээлийг тарих аж. Өөрөөр хэлбэл тэжээлээ тариалж байж сайжруулсан үүлдрийн малын ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг юм байна. Тиймээс хэрэв эрчимжсэн мал аж ахуй эрхлэх гэж буй бол тэжээлээ тариалах, эсвэл тариаланчдад тэжээлийн захиалга өгөх боломжтой байдаг талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тодотгож байлаа.
Уг аж ахуйд нийт Австрали үүлдрийн 200 гаруй сүүний чиглэлийн үхэр байгаагаас 80-100- нь сааж, өдөрт 1.7 тонн орчим сүү авдаг, 10 гаруй хүн тогтмол ажлын байраар хангагддаг аж. Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, малаас гарах ашиг шимийг хүртэн, цаашлаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын дэвшүүлж буй экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилтод хүрэхэд том түлхэц өгнө гэдэг нь эдгээр жишиг фермерүүдийн жишээн дээрээс харагдаж байлаа. Монголын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг 4000 гаруй, Дархан-Уул 2500 орчим мал бүхий иргэдтэй. Эдгээр иргэд дээрх жишгээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд шаардагдах дэмжлэгийг ХХААХҮЯ-наас боломжтой бүх хэлбэрээр дэмжих юм. 


 
УЛААНБУУДАЙН ҮРИЙГ 30 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ, 30 ХУВИЙН УРЬДЧИЛГААГААР
ТАРИАЛАНЧДАД ОЛГОЖЭЭ 
 
Газар тариалангийн бүс нутаг дахь Ерөнхий сайдын ажил Сэлэнгэ аймаг дахь усалгаатай тариалангийн “Арвин хур” ХХК, "Монгол газар шим" компаниудын тариалангийн талбай, төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг "Элит үр" ХХК, Хөтөл тосгон дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт үргэлжилсэн. Усалгаатай тариалангийн компаниудын хувьд Сэлэнгэ мөрнөөс татсан усаар талбайгаа усалдаг тус тeхнологийг нэвтрүүлэхэд 13 жил ажиллаж байж одоо л бүрэн гарт орж байна гэж "Арвин хур" ХХК-ийн захирал Ч.Чадраабал ярьж байв. Нийт 1500 га талбайд тариалалт хийж байгаа тус компанийн талбайд мал орсноор 30 хувийг сүйтгүүлж алдсан аж. Тиймээс Газар тариалангийн бүсийг тогтоож, бэлчээрийн мал аж ахуй, газар тариаланг салгах зайлшгүй шаардлагатайг мөн хэлж байв. 

"Монгол газар шим" компанийн захирал Б.Эрдэнэбат ХХААХҮЯ-наас тариаланчдыг дэмжих чиглэлээр явуулсан үйл ажиллагаа үр өгөөжөө өгч буйг онцолж байв. Яамнаас энэ жил улаанбуудайн үрийг 30 хувийн хямдралтай, мөн 30 хувийн урьдчилгаа мөнгөөр тариаланчдад олгосон бөгөөд нийт 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон хэмээн Б.Батзориг сайд тодотгож байлаа. 


 
Төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг "Элит үр" ХХК солист, гала, куарта сортын төмс тариалдгаас гадна чипсний төмсийг тариалж эхэлснийг онцолж байлаа. Элит үрээ мөн үржүүлж бусад тариаланчдад нийлүүлдэг бөгөөд салбар яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилтод хүрэхээр ажиллаж байгаа юм байна. Нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлохгүй байх бүрэн боломжтой аж. Энэ жил 8.5 мянгад төмс тариалах бөгөөд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутагт тариалалт ид өрнөж буй энэ үед ажилласан нь энэ салбарт тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, гарц гаргалгааг тариаланчидтай ярилцан шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. "Нэн тэргүүнд хос тулгуурт  эдийн засагтай болох Засгийн газрын зорилтод уул уурхайгаас хэт хараат эдийн засгийг ХАА-н салбартай хослуулан хөгжүүлэхээр тусгасан. Хэрэв хос тулгуурт эдийн засагтай болбол олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх цаашдын ажлууд саадгүй явна. Тийм учраас газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжиж, эрчимжсэн МАА, газар тариалантай болох, хөрсөө хамгаалж, хашаалах, эрүүлжүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлж, усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинж чанартай ажлыг Засгийн газраас дэмжинэ. ХАА, газар тариалан, МАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлж байгаа. Экспортод гаргах зорилгыг тариаланчид та бүгд хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад хэлж байв. Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд Газар тариалангийн бүс нутгийг тогтоон малчид, тариаланчдын хооронд үүсдэг асуудлыг шийдвэрлэх, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайд санал нэгдэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ойрын үед шийдвэр гаргахаар боллоо. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ