Д.Цогтбаатар: Гадаад бодлогын уламжлалт шинж чанар нь Монголын том үнэт зүйл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-17 18:00:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатарыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг урьж, Монгол Улсын гадаад бодлого, салбарын зорилт, чиглэлийн талаар ярилцлаа.

-ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ЭНГИЙН ИРГЭНИЙ АМЬДРАЛД ШУУД НӨЛӨӨЛДӨГ-

-Шинэ Засгийн газар ажлаа эхэлснээс хойш 7 сар өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсын гадаад харилцааг өргөтгөх, нэр хүндээ өсгөхөд чиглэсэн ажил эрчимтэй явж ирсэн гэж харагддаг. ЕХ-ны “хар жагсаалт”-аас гарсан, зээлжих зэрэглэлийг дээшлүүлсэн гэх мэт. Ер нь Засгийн газар гадаад бодлого, харилцаандаа ямар чиглэл, зорилго барьж ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?
-Гадаад бодлогын уламжлалт шинж чанар бол Монгол Улсын том үнэт зүйл. Аль нэг цаг үед томилогдох аль нэг Засгийн газраас том эрх ашиг юм.  Иймд манай Засгийн газрын хувьд гадаад бодлогын энэхүү залгамж чанарыг  бодит утгаар нь хадгалж, харин түүнд бүтээлчээр хандан амжилттай илүү үр өгөөжтэй хэрэгжүүлэн тэлэхэд анхааран ажиллаж байна.
Сүүлийн нэлээд хэдэн жилд Гадаад бодлогын үзэл баримтлалыг чанд дагаж мөрдөж чадаагүй, харилцааны тэнцвэрийг хадгалах талд дутагдал багагүй гарсан. Хоёр хөршийн харилцаан дээр ч тэр, гуравдагч хөршүүдтэйгээ өрнүүлж буй хамтын ажиллагаан дээр ч тэр ярьсан хэлэлцсэн зүйлсээ биелүүлэхгүй, чадахгүй зүйлсээ хяналтгүй амалдаг байсан зэргээс үүдэн Монгол Улсын нэр хүнд ганхах байдалд хүрсэн байв. Гэхдээ Монгол орны  буян заяа өөдөө, цөөхөн, бусдад гэмгүй монгол түмний нүүдэлчин соёл иргэншил дэлхийн нийтийн хүндэтгэл, итгэлийг хүлээдэг учир хэдий эрх мэдэлтнүүдийн тооцоогүй үйлдлүүдээс манай нэр хүнд ганхсан ч тэдний хувьд биднийг ойлгож, итгэлээ сэргээх суурь нь хэвээр үлдсэн байна. Энэ сайн сууринд тулгуурлан, түнш орнуудтайгаа харилцах харилцаагаа тэлж, найрсгаар хамтарч ажиллах боломжоо нээж ажиллах ёстой юм. Бид өөрсдөө хаалттай байвал бусад том орнууд өөрсдөө гүйгээд ирэхгүй. Хариуд нь тэд бидний хувьд хаалттай болвол харин юу болох вэ? Бид өмнөд хөршийнхөө хувьд зарим уул уурхайн бүтээгдэхүүний номер нэг экспортлогч нэг үе байсан. Гэтэл нэг мэдсэн Монгол Улс энэ үзүүлэлтээрээ тавдугаарт бичигддэг болсон байв. Энэ бүгдээс сургамж авч найрсгаар, бүтээлчээр харилцаа хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд бид бодлогоо чиглүүлэн ажиллах учиртай. Манай засгийн газар ч яг ингэж ажиллаж байна. Үүнийг гадаад улс орнууд ажиглаж, эерэгээр хүлээн авч байгаа. Хар жагсаалтаас богинохон хугацаанд амжилттай гарсан нь энэхүү бодлогын л үр дагавар юм.  

-Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар олон асуудлаар шийдвэрт хүрч, айлчлалын дараах өөрчлөлт, үр дүн бодитоор харагдаж эхэлсэн. Өмнөд хөрштэйгөө харилцах харилцаанд үүсээд байсан тодорхой саад бэрхшээлүүд арилж, хамтын ажиллагааны үүд хаалга бүрэн нээгдсэн гэж дүгнэж болох уу?
-Хоёр орны харилцаа нэг хэсэг саад бэрхшээлтэй нүүр тулсан, сэтгэлзүйн хувьд илүү нарийн ойлголцол шаардсан түвшинд очсон үе бий.  БНХАУ-д хийсэн айлчлалуудын дүнд энэ бэрхшээлүүдийг илааршуулж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгч байгааг бүгд харж байгаа байх. Гашуунсухайтын боомт дээр 120 гаруй км үргэлжилсэн ачааны тэрэгний урт дараалалтай, жолооч нар нь 1-2 сар автомашиндаа амьдардаг  болчихсон нөхцөл  үүсчихсэн байсан нь үнэн. Тэгээд  “худалдаа хийнэ” гээд л явцгааж байв. Худалдааны ийм тогтолцоотой улс орон хаана ч байхгүй. Үүнийг засч залруулахын тулд бодлого тооцоотой хичээж ажилласны дүнд боомт дээрх цуваа буурч, экспортод гарч байгаа автомашинууд өдөрт 400-500 байсан нь өнөөдөр дунджаар 1000-д хүрээд байна. Экспорт нэмэгдэхийн хэрээр макро эдийн засгийн өөрчлөлтүүд мэдрэгдэж, гадаад валютын нөөц нэмэгдэж байна. Валютын ханш ч тогтворжиж байна. Хэдхэн жилийн өмнө 1000 хүртэл төгрөгөөр бараг 2 дахин манай мөнгөн тэмдэгтийн ханш огцом унаж, жирийн иргэдэд энэ нь маш хүнд тусч байсан. Харин одоо ханш хэрхэн тогтворжиж, энэ хямрал хэрхэн зогссон байгааг иргэд харж байгаа. Макро эдийн засгийн өөрчлөлт энгийн иргэний амьдралд хэрхэн хүрдэг вэ гэвэл ингэж хүрдэг. Энэ бол нэг л жишээ. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөл эерэгших нь олон жижиг бизнесүүдийг хөгжихөд, түүнийг дагаад ажлын байрууд бий болоход, улмаар макро-эдийн засаг тогтворжиход түлхэц болж байгаа. Энэ мэтчилэн олон улсын харилцаа Монголын энгийн иргэний амьдралд шууд нөлөөлдөг.

Бид авир муутай байснаасаа их зүйлийг алдана. Гэхдээ, мэдээж, хэзээ ч тусгаар тогтнол, аюулгүй байдлаа мартаж болохгүй. Өөрөөр хэлвэл үндэсний язгуур эрх ашгаа бусдад найр тавих тухай бол яриа байж болохгүй.  Гэхдээ зүгээр байгаа зүйлээс хэтрүүлэн болгоомжилж, өөрсдийгөө тусгаарлаваас хүн ам ядуурч, улмаар аюулгүй байдал жинхэнэ утгаараа дорддог. Цалин орлогогүй болсон хүмүүс өнөөдөр БНСУ руу виз авч явах гэж тэмүүлж байна. Энэ бол аюул. Үүнийг ямар ч дарга зогсоож чадахгүй. Тэгэхээр энэ нийгэмд гадагш даажилгүй тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд эрүүл эдийн засгийг бий болгох нь чухал. Ийм эдийн засгийг бий болгож, өсөлтийг хангахад дээрх айлчлал чухал түлхэц үзүүлж байгаа. Энэ нь айлчлалын үр дүн юм.

-Ерөнхий сайдын айлчлалыг та “Түүхэн” хэмээн тодотгож байсан. Нийтдээ 5 тэрбум орчим ам.долларын санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг байгуулсан нь Монголд, Монголын бизнесийн орчин сэргэсний илэрхийлэл гэж үзэж болох уу?
-Архивын баримт бичгийг шалгаад үзсэн ч ийм их хэмжээний тоон дүнтэй, арилжааны шинж чанартай гэрээ хэлэлцээрүүд байгуулж байсан айлчлал байхгүй. Энэ айлчлалын үеэр хоёр орны Засгийн газрын түвшинд гэхэд 400 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээл тусламжийг ярьж шийдсэн. Үүн дотор гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг түүхэн тохиролцоо орно. Хүн амын тэн хагас нь оршин сууж байгаа нийслэлийн дэд бүтцийг шийдвэрлэх  асуудал бол шийдлээ удаан хүлээсэн асуудал. Утаа байхгүй болсон ч энэ Засгийн газар утаатай тэмцсээр л явж байгаа. Яагаад гэвэл хүйтний улирал эхлээд л утаа дахин гарч ирнэ. Зөвхөн шүүмжлээд суух биш бүтээн байгуулалтыг нь хийх хөрөнгийг босгож байж шийдэлд хүрнэ. Шүүмжилж ярьснаар утаа алга болохгүй. Юу үнэн энэ үнэн. Тиймээс барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг асуудлыг тодорхой хөрөнгө мөнгөний эх үүсвэрийнх нь хамт ярьж байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилснээр нийслэлийн хөрс, орчны бохирдол буурна.

Хоёр орны бизнес эрхлэгчид энэ айлчлалын үеэр 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсан. Гэхдээ олон хүмүүс “Зарим нь бизнесийн санамж бичиг л байна лээ” гэж ярьж байсан. Бизнес эрхлэгчдийн хувьд маш урт хугацааны яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулалтын дүнгээ тохирч, санамж бичгээр түүнийгээ баталгаажуулж байгаа юм. Энэ нь маш чухал. Яагаад гэвэл санамж бичигт нэгэнт тохирсон үнийн дүн өөрчлөгддөггүй. Нөгөө талаас ийм дүнтэй болоод авах нь бизнес эрхлэгчдэд том дохио, хүлээлтийг бий болгодог. Энэ байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн дүнд бусад үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид ч татагдан анхаарч, эрэлт бий болдог. Дагаад өсөлт өрнөнө, тэгээд хүмүүсийн орлого өснө. Бие биенээ татаад явах түлхэлт, эерэг хүлээлтийг л бодитой үндэслэлтэйгээр бий болгох ёстой юм. Эдийн засгийн хамгийн чухал ойлголтуудын нэг нь хүлээлт. Эдийн засаг удаашрах нь гэсэн хүлээлт үүсвэл хөрөнгө оруулагчид мөнгөтэй ч хөрөнгө оруулахаа болино. Харин бодит хүлээлт үүсгэвэл хөрөнгө оруулагчдын идэвх сонирхол нэмэгдэнэ. Худлаа амлаад байвал дараагийн удаа итгэхээ болино. Айлчлалын үеэр бид уул уурхайн бус салбарт ажлын байр бий болгодог бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх бодлого танилцуулж, ойлгуулахыг зорьсон. Энэ нь бас нэгэн эерэг мэдээлэл болж хөрөнгө оруулагчдад хүрч байгаа.  

-Ерөнхий сайд тун удахгүй ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна. Энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ? Хойд хөршийн тухайд мөн Владивостокийн форумын үеэр яригдсан хэлэлцээ, зөвшилцлүүдийг дурдах хэрэгтэй болов уу?
-Гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх чухал айлчлал бол ОХУ-д хийх Ерөнхий сайдын айлчлал. Энэ айлчлалаар Эдийн засгийн коридор, дэд бүтэц зэрэг бүх том асуудлууд яригдана. Яах аргагүй хойд хөрштэй Монголын томоохон төслүүд уялдаж байгаа. Хоёр хөршийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжиж байгаа тохиолдолд бид бодлогоо уялдуулах ёстой. Энэ талаараа их чухал ач холбогдолтой айлчлал болно.Владивостокийн форумын үеэр 100 тэрбум рублийн зээлийн асуудлууд, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн хамтын ажиллагааны төсөл арга хэмжээнүүд яригдсан. Үүнийг бодитой ажил болгох талаас мөн одоогийн айлчлалаар ярина. Бодлого маань нэгдмэл, залгамж чанартай шүү дээ. Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх үүд хаалгыг нээх үүднээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа.



-Гуравдагч хөрш орнуудтайгаа харилцах харилцаа мөн манай улсын гадаад бодлогод голлох үүрэгтэй. БНСУ, Японд өндөр дээд хэмжээний айлчлал хийж, АНУ-ын МСК-ийн хоёр дахь компакт гэрээг эцэслэхээр тохирч, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд мөн манайд айлчиллаа. Эдгээр айлчлалуудын дүнд харилцаа хэрхэн идэвхжсэн гэж Та дүгнэж байна вэ?
-Бидэнд итгэх итгэл энэ улсуудад байгаа учраас үүний илэрхийлэл болж БНСУ-ын айлчлалаар 500 сая ам.доллар, Японы айлчлалаар - 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тохиролцсон. БНЭУ-ын Гадаад хэргийн сайд тус улсаас олгох 1 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг түргэтгэж, мэдээллийн технологи, боловсрол, соёл эрүүл мэндийн чиглэлээр хамтрах олон ач холбогдолтой тохиролцоо хийлээ. Бид “Кибер-Ази” сэдвээр хамтарсан хурал хийхээр тохирсон. АНУ-ын МСК-ийн хоёрдугаар компакт гэрээгээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирнэ. АНУ маш олон улс оронтой ажиллаж байгаа ч Монголд ийм хэмжээний тусламж үзүүлж байгаа нь бидэнд итгэж буйн илрэл юм. Монголын эдийн засгийг хүнд байдлаас гаргахад энэхүү дэмжлэг чухал түлхэц үзүүлнэ.
 
-ХӨГЖИЛ ӨӨРӨӨ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ЮМ-

-Нөгөө талаас зээлийг зээлээр орлуулж байна, буцааж төлөхийн аргагүй их хэмжээгээр авч байна гэсэн шүүмжлэл гардаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Зээл дээр зээл нэмж авбал аюултай. Харин ачаалал өндөртэй зээлийг хөнгөлөлттэй хөгжлийн зээлээр солих нь зайлшгүй шаардлагатай алхам. БНСУ, Японоос олгох зээл бол хөгжлийн зээл. Өөрөөр хэлбэл, энэ зээлийн хөрөнгө хөгжихөд зарцуулагдах ёстой. Тэгэхээр хүү нь маш бага байна. Зүгээр өгөх мөнгө аль ч улс оронд байхгүй учраас тодорхой хэмжээний хүү авдаг. Жишээ нь БНСУ-аас авах зээлийн хүү 0.2 хувь, Японых 0.7 хувь. Гэтэл өмнө нь авч байсан зээлүүд 8-11 хувийн хүүтэй арилжааны зээлүүд байсан.Эдийн засгийн хямралтай, уналттай үед ийм хүүтэй зээл авна гэдэг ангал руугаа өөрсдөө орж байна гэсэн үг. Эсрэгээрээ эдийн засаг эрүүл үед бага хэмжээгээр хэрэгцээтэй зээлээ авч ашиглах бол өөр асуудал. Сая гэхэд бид тэр зээлүүдийн хүүг төлөх гэж сандарч л байлаа. Тэгтэл одоо 30 жилийн хугацаатай зээлүүд өмнөх үнэтэй зээлүүдийг орлон орж ирж байна. Үүнийг хөгжлийнхөө бодлого зорилттой уялдуулж маш зөв, амжилттай ашиглах ёстой. 1990 оноос л бид зээл тусламж авч ирснийг битгий мартаасай гэж би боддог юм. Эдийн засаг огцом өсч байхад гадныхныг муу хэлээд, гадаад улс орнууд бидэнгүйгээр амьдарч чадахгүй мэт ихэрхэн ярьдаг болчихсон байсан. Дараа нь хүнд байдалд орчихоод нөгөө өөдөөс нь ихэрхээд байсан хүмүүс дээрээ буцаад очих хэрэг гарахад нөгөө хэдэн дипломатууд л арга эвийг нь олж зохицуулах ажлыг арын фронтод зохион байгуулж байгаа. Улс орнууд ингэж зээл тусламж үзүүлж байгаа нь бидэнд итгэх итгэл нь хэвээр байгааг илтгэж байгаа юм. “Засаг нь жаахан дэггүйтэж дээ. Ард түмэн нь бол сэтгэл сайтай, хүн шиг хүмүүс шүү” гэдгийг хүлээн зөвшөөрч буйн илрэл. Нөгөө талаас Монголын эдийн засаг зөв явбал босч чадна гэдэгт итгэж байна. Буцааж төлж чадахгүй гэж бодвол энэ их мөнгийг өгөхгүй шүү дээ. Япон, Солонгос шиг ийм тооцоотой улс орнууд ийм хэмжээний хөнгөлөлттэй зээл өгч байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд бас маш том хөшүүрэг болж байна. 2003 онд ДНБ нэг тэрбум ам.долларын босго дөнгөж давж байсан бол одоо манай эдийн засаг 10 дахин томорсон. Бид бас ингэж хөгжиж чадаж байгаа учраас энэ зээлүүдийг өгч байгаа юм.

-Их хэмжээний мөнгөн санхүүжилт улс орнуудаас эсвэл аль нэг улсаас буюу БНХАУ-аас авах нь эдийн засгийн аюулгүй байдалд халтай, хараат болох эрсдэлтэй гэсэн мэдээлэл саяхан цацагдаж байсан. Эдийн засгийн хараат байдал, тусгаар тогтнол ганхах бодит аюул юун дээр гарч ирж болох вэ?
-Дээр хэлсэнчлэн Монголд, Монголын эдийн засагт итгэж олгосон хөгжлийн зээл тусламжийг ашиглаж хөгжихгүй бол, хоёр хөрш нь хөгжөөд манай улс хоцроод үлдэнэ. Харин энэ бол эрсдэл. Өнөөдөр гадаадад 150 мянган монголчууд гарчихсан ажил хийж байна. Монголд сайхан амьдраад байсан учраас гараад явчихсан юм биш. Эзгүй орон хүнийх л болно. Энэ өнцгөөс нь харсан ч улс орныг боломж байгаа дээр нь хөгжүүлэх нь аюулгүй байдлын бодлого. Манай орны хувьд хөгжил өөрөө аюулгүй байдлын баталгаа юм. Хөгжөөгүй, сул дорой улс хараат болох магадлалтай. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бид хоёр хамтарсан мэдээ гаргасан. Хятадын гадаад бодлогын хамгийн гол жолоо цулбуурыг барьж байгаа тэр хүн “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, өөрийн сонгосон замналыг бид хүндэтгэж ажиллана. Бид стратегийн түншүүд” гэж уг мэдээнд тодотгосон. Стратегийн түнш  хэмээн бидэнтэй харьцаж буй нь тэд биднийг дэргэдээ, гэхдээ тусдаа, тусгаар орших урт хугацааны түнш гэж үзэж буйн илэрхийлэл. Бид тэдний ийм түнш байх нь тэдний  стратегийн эрх ашигт нийцэж байна гэсэн үг. Си Жиньпин дарга мөн Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Танай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, биеэ даасан байдал, өөрийн сонгосон түүхэн замналыг бид ягштал хүндэтгэж үзнэ” гэдгээ дахин хэлсэн. Тэрбээр олон ч удаа үүнийг хэлж байсан. Энэ хүмүүсээс өөр хэн БНХАУ-ын бодлогыг тодорхойлох вэ? Эдгээр мэдэгдлийг илээр олон нийтэд хэлээд байгаа чинь зөвхөн манай хоёр орны хоорондын харилцаанд үр дагавартай биш, бас дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө илэрхийлээд буй амлалт байр суурь юм шүү дээ. Ийм хамтарсан мэдээ мэдэгдлүүд чинь олон улсын эрх зүйн үр дагавартай байдаг юм.

Олон улсын аюулгүй байдлын тогтолцоо олон улсын институцчлэгдсэн тогтолцоон дээрээ зогсож байдаг. Тийм учраас НҮБ, бусад олон улсын байгууллагуудыг бид чухалчилдаг. НҮБ-ын бүх гишүүн орон Монгол бол тусгаар тогтносон орон гэж хүлээн зөвшөөрч, бие биенийхээ өмнө тусгаар тогтнолыг нь ыхамтдаа хүндэтгэж, хамгаалах үүрэг хүлээдэг. Тэгэхээр Монгол Улсын аюулгүй байдал маш олон зүйлсээр баталгаажиж байдаг. Үүний нэг тогтолцоо нь хөрш хоёр оронтой байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурь гэрээнүүд байдаг. Мөн тогтмол дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээнийхээ үед баталж, нотолж байгаа мэдэгдлүүд орж байдаг юм. Гадаад харилцааны яам ч аливаа хамтын ажиллагааны асуудал ярихдаа эрсдлийг тооцоолж, тэнцвэржүүлэх арга хэмжээг ч давхар авч явдаг. Аюулгүй байдал маш олон сэжим, арга хэрэгслээр хангагддаг. Харин айдас, үзэн ядалт, хийрхэл, ихэрхэл, өдөөн хатгалтаар яавч хангагдахгүй. Эцсийн дүндээ аюулгүй байдлын хамгийн гол хүчин зүйл бол ажилтай, орлоготой Монгол хүн юм. Монгол хүн ажилтай, орлоготой, толгойндоо мэдлэгтэй байх нь бидний аюулгүй байдлын баталгаа. Тэр өндөр боловсролыг тогтмол авч байх боломж хөгжилтэй оронд л бий. Тэгэхээр хөгж, хөгж, бас дахин хөгж.



-Олон улсын харилцаан дахь “том тоглогч” нар Монгол Улсыг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тогтворжуулагч гэж үзэж буйгаа илэрхийлсэн.  Энэ агуулга ямар ач холбогдолтой бэ?
-Тун саяхан Европын холбоонд ажиллаад ирсэн өдрөө БНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авсан. Энэ хоёр айлчлалаас нэг зүйл тодорхой ажиглагдсан. Европын холбоонд яриа хэлэлцээ хийж байхад “Монгол Улс бол Зүүн хойд Азид тогтворжуулагч үүрэгтэй орон” гэж албан ёсоор мэдэгдэлдээ тодотгож байна билээ. БНЭУ-ын Гадаад хэргийн сайд мөн манайд ирэхдээ “Монгол бол Зүүн хойд Азийг тогтворжуулагч хүчин зүйл” гэж дүгнэсэн. Хоёр, гуравхан хоногийн зайтай дэлхийн хамгийн том, нөлөө бүхий гадаад бодлогын субъектүүд ингэж дүгнэлээ. Ийм том бүс нутагт Монгол Улсын байр суурь ингэж дүгнэгдэж байна гэдэгт баярлууштай. Бид чинь ямар цөмийн зэвсэгтэй, эсвэл хүн бүл ихтэй, эсвэл өндөр хөгжилтэй, санхүүгийн бэл бэнчин арвинтай орон биш. Тиймээс ийнхүү үнэлэгдэж буй нь сайн зүйл. Үүнийг үнэлэх ёстой. Монголын ард түмэн тууштай, ил тод байдлаараа энэ дүгнэлтийг авч байгаа юм. Бид гадна талдаа үйл ажиллагаагаа явуулахдаа нэг хүн шиг, зохион байгуулалттай, бодлоготой, цэгцтэй ажиллаж байна гэсэн үг. Гуравдагч хөршүүд маань биднийг ингэж үнэлж байна. Энэ үнэлгээ зүгээр олдоогүй, ажиллаж байж олж авсан юм.

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж, эдийн засгаа эрүүлжүүлж байна гэж олон улсад дүгнэж байгаа. Одоо бид юунд анхаарах шаардлагатай вэ? Хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна вэ?
-ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн гол зорилго бол макро эдийн засгийг тогтворжуулахад голчлон чиглэнэ. Урт хугацаанд хэсэг хэсгээрээ орж ирнэ. Засгийн газраас барьж буй гол бодлого бол Улаанбаатарын утааг бууруулах, ажлын байрыг бий болгох, ЖДҮ-ийг хөгжүүлэх. Гадаад харилцааны яамны зүгээс экспортын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Нэг шил ундаа ч болов Монголоос гараад зарагдаж байвал түүнийг бага гэж үзэхгүйгээр амжилттай байлгахын төлөө бид ажиллана. Уул уурхай явдаг чиглэлээрээ явах байх. Харин миний хувьд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, төрөлжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Японд ч би үүнийг л ярьсан. Монголоос бүтээгдэхүүн худалдаж авдаг ЖДҮ-үүдээ дэмжчих, тэгвэл бидэнд хамгийн том дэмжлэг болно гэж хэлсэн. Ингэвэл манай компаниуд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зарж чаддаг болчихно. Борлуулалтын орлого бол Монголынх. Эргээд Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа болно.     

-Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар ямар бодлого барьж байна вэ?
-Монгол Улс Европын холбооны өргөтгөсөн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсанаар 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр тус холбоонд экспортлох боломжтой болсон. Японд ч чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу тарифгүйгээр зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой.  Эдгээрийн үр дүнг тооцож гаргах ёстой юм. Бодит үр дүн гарч байж Монголд ашигтай гэдгийг баримтжуулж авна. Яагаад гэвэл аливаа шийдвэр сэтгэлийн хөөрлөөр бус тооцоо баримтад суурилж гарах ёстой. Хэд хэдэн улс оронтой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар ярилцаж байгаа. Миний хувьд, хэлэлцээр байгуулснаар ямар үр дүнг гарахыг хамтарч тооцъё, хэрэв ашиггүй бол байгуулах шаардлагагүй гэдгийг шударгаар хэлж байгаа юм. Харилцан ашигтай байвал бид дуртайяа байгуулна. Тэгэхгүй нэг хэсэг Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдгийг моодны яриа болгочихсон байсан. Энэ чинь моод биш, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, ажлын байр, тооцоо судалгааг маш нарийн гаргаж байж хийдэг ажил. Бизнесийн харилцаа учраас буруу тооцсон байвал эдийн засгийг унагаах эрсдэлтэй. Жишээлбэл, Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ элссэнийг би дэмждэг ч элсэх үйл явцад шүүмжлэлтэй ханддаг. Тухайн үед сургуулиа дөнгөж төгсчихөөд Монгол Улс ДХБ-д элссэн тухай нийтлэлийг бичиж Бостонд хэвлэгдсэн судалгааны номонд гаргаж байлаа. ДХБ-д элсэхдээ яарч, уралдаж орсныг шүүмжилдэг юм. Арилжаана харьцааг зохицуулсан ийм байгууллагад уралдаж, улс төрийн зорилгоор ордоггүй юм. ДХБ-д улс орнуудтай хэлэлцээ хийж байгаа хүмүүс энэ тарифыг ингэж буулгая гэх мэтээр буулт хийдэг. Төрийн хүмүүс энэ тохироог маш амархан хийдэг. Яагаад гэвэл тэдний халааснаас юу ч гарахгүй, харин тариф бууж байгаа төлбөрийг бизнес эрхлэгчид төлдөг юм. Тэр үедээ туршлага суугаагүй, мэдэхгүйгээс тун хамаагүй тохирсон байдаг. Үүнийг шинэ гэрээ хэлэлцээр хийх замаар шинэчилж болох ч, тун амаргүй. Гэхдээ ДХБ-д элссэнээр бүхэлдээ Монголын эдийн засаг шинэчлэгдсэн, хожсон. Туршлагагүйгээсээ болж  хөнгөдсөн тэр тохиролцооны үйл явцыг дахиад давтах ёсгүй.

Чөлөөт худалдааны яриа хэлэлцээр хийх хүмүүст Монголын эдийн засагт ямар ашигтай, ямар эрсдэлтэй вэ гэдгийг шууд тооцоод гаргаад ирэх матриц, аргачлалд сургахаар төсөл хэрэгжүүлж байлаа. Маш нарийн тооцож байж Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийх ёстой. Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрхэн хийх талаар АНУ-ын Харвардын их сургуулиас профессорууд урьж сургалт зохион байгуулж байлаа. Тайванийн дипломатууд ирж тэр сургалтад орж байсан. Уг нь манайхан л гадаад явж сурдагаас, гадныхан манайд ирж сургалтанд хамрагддаггүй биз дээ? Даанч сургалтанд хамрагдсан хүмүүсийг ажил дээр нь тогтвортой ажиллуулахгүй, нэг л мэдэхэд өөр газарт, өөр ажилтай болгосон байдаг. Заримдаа бүр ажилгүй болгосон ч байх нь бий. Тэгэхээр хэлэлцээ хийх багийн чадавхи сулраад л байна гэсэн үг. Худалдааны асуудалд тооцоотой, мэргэжлийн түвшинд л хандах ёстой. 



-Монголын Экспортыг төрөлжүүлэх талаарх бодлогыг зангидах “Монгол Экспо” хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь юу байх бол?
-“Монгол Эскпо” хөтөлбөрийн гол агуулга нь Монголын өрсөлдөх чадвартай, экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нарийн тооцоотойгоор сонгож, гаргаж ирэх юм. Угаасаа хөгжихгүй салбарт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулбал нэг өдөр л хаагдаж, хөрөнгө үрэн таран болно. Нийгмийн баялгийг өөрөө үржээд явах зүйлд зарцуулах ёстой. Үзээд алдъя гэдэг хандлага төрийн түвшинд байж болохгүй. Экспорт гэдэг нарийн ажиллагаа. Өндөр хөгжилтэй орнууд руу экспорт гаргахад тухайн орны стандарт, шаардлага, чанар, технологи, менежмент зэргийг нарийн зохицуулж хийх ёстой юм. Хэлэхэд амар боловч цаанаа маш нарийн.
Манай улсын гадаад худалдааны бодлогод анхаарч ажиллаж буй зүйл бол уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ингэж чадвал гадаад худалдааны үр ашиг илүү олон иргэнд хүрнэ. Яагаад гэвэл уул уурхайн хэдий том төсөл байсан ч ажиллаж байгаа хүнийх нь тоо хязгаарлагдмал байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлж чадвал хэчнээн мянган хүнийг ажлын байраар хангаж, бодитой цалин орлоготой болгож, эдгээр бизнесийг тогтвортой хөгжүүлэх үүд хаалга нээгдэх юм. 

-АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяраас ярилцлага авч байхад тус улс руу 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой байдаг ч монголчууд мэддэггүй гэдгийг хэлж байсан. Боломж бол хангалттай ч ашиглаж чадахгүй байна гэж ойлгогдсон л доо?
-Монголын төр багагүй боломжийг бий болгосон. Гэвч бизнес эрхлэгчид мэдээгүй байдаг. Ингээд харахаар бид энэ талаар мэдээллээ хүргэхэд дутуу л ажиллаж байгаа юм. Мэдээлэл өгөөд зогсохгүй араас нь санхүү, даатгалын зөв тогтолцоог бий болгох шаардлагатай. Экспортын салбарыг хөгжүүлнэ гэдэг нь цогц ажиллагаа юм.
 
-ТОРГОНЫ ЗАМ ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛЫН ТҮҮХЭН ӨВ МӨН-

-Бээжинд Монгол-Хятадын бизнес форумын үеэр Та Монголд хөрөнгө оруулах боломжийг Торгоны замтай холбон илтгэл тавьж байсан нь их сонирхол татаж байлаа. Ер нь Монголд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ? Бид хөрөнгө оруулагчдад ямар мессеж өгч чадах вэ?
-Өмнөд хөрш “Бүс ба зам” гэдэг том санаачлага гаргасан. Энэ санаачлагыг дагаад маш том хөрөнгө оруулалтууд хийх төслүүд явж байгаа. Монголын Засгийн газар “Талын зам” хөтөлбөрийг боловсруулж, “Бүс ба зам” санаачлагатай уялдуулан хөгжүүлэх гэж байна. Яагаад гэвэл Монголын хөгжилд хамгийн их шаардлагатай зүйл бол дэд бүтэц. 66 сая толгой малтай хэрнээ суманд байгаа сүүгээ авч ирж чадахгүйгээс хэрэглэх, цаашлаад экспортод гаргах боломж бүрдэхгүй байна. Монгол Улс хүн амын нягтаршил хамгийн бага орон. Тэгэхээр олон улсын том төслүүдэд хамрагдаж байж, дэм тусыг авч, дагуулж хөтөлж байж дэд бүтцээ хөгжүүлнэ. “Талын зам” хөтөлбөрөөр Азийн хурдны замыг Монголоор явуулах мөнгийг босгох ёстой. Энэ хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уяснаар санхүүжилт олох боломж нээгдэж байгаа юм. ОХУ, БНХАУ-ын худалдаа ойрын хугацаанд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байна. Энэ огцом өсч байгаа худалдаанаас бид наад зах нь транзит тээврээр үйлчилгээний ашиг авч болно. Тэр замаар бид өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой.
“Бүс ба зам” хөтөлбөр бол Торгоны замын үзэл баримтлал дээр суурилж гарсан. Монголын нутгаар Цайны зам явж байлаа. Түүхэн нөхцөл сэргэж байгаа юм бол өөрийн нутгаараа дайруулаад л гаргах ёстой. Үүнийг бид бодлогоор дэмжих хэрэгтэй. Гадаад бодлого гэдэг ингэж тооцож л гардаг. Эдийн засгийн коридорыг ч бодитоор хэрэгжүүлэхэд “Бүс ба зам” санаачлагын эрч хүчийг өөр лүүгээ татах ёстой.  Бид ашиг олох зөв байршлаа эзлэн зогсохын тулд толгойгоо ажиллуулах ёстой. Энэ санаачлагыг дагаад цахилгаан шугам, төмөр зам барина. Манай улсад ашигтай, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх учраас бид дэмжиж байгаа. Цайны зам бол маш ашигтай, гайхамшигтай худалдааг тэтгэдэг зам байсан.

Торгоны зам  үеийн үед монголчуудад ашигтай байсан. Яагаад гэвэл энэ зам монголчуудын оролцоотой бий болсон бүтээгдэхүүн. Хятад, Европ, нүүдэлчин Монгол хамтарч бий болгосон хамтын бүтээл. Энэ гурван ухагдахууны аль нэг нь байгаагүй бол “Торгоны зам” хэзээ ч бий болохгүй байсан. 11 мянган км замыг явганаар арилжаа наймаа хийхээр эрт дээр үед туулж Европыг олж очино гэдэг бол бүтэшгүй зүйл байх байсан.  Суурин иргэншилтэй хүмүүс тиймээс үүнийг дангаараа хийх боломжгүй байв. Тэгэхээр тээврийн хэрэгслийн асуудал гарч ирж байгаа юм. Торгыг Европуудад хүргэж өгөх унаа уналгыг нь тэгэхээр монголчууд нийлүүлж байсан. Тэр үеийнхээ ачаа тээврийн нисэх онгоц, автомашин, галт тэрэг, усан онгоцыг үйлдвэрлэж байсан л гэсэн үг юм даа. Мөн Европ, Азийн дунд хэдэн зуунаар нүүдэллэж ирсэн нүүдэлчин монголчуудын газар нутаг, зам харгуйг мэддэг мэдлэг энэ зам, чиглэлийг бий болгож төлөвшүүлэхэд маш их нөлөөлсөн. Тэгэхээр “Торгоны зам” яах аргагүй Монголын түүхэн өв мөн байгаа биз.


-ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДЭЭР НАР ШИНГЭДЭГГҮЙ-

-Монгол Улсаас Гадаад улс орнуудад суух Элчин сайд нарын томилгооны асуудлаар нийгэмд янз бүрийн ойлголт тархаж  байна. Үүнд албаны байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу?
-Цаг алдаж байгаа нь үнэн. Гэхдээ гадаад талдаа зөв ойлголт өгөөд үргэлжлүүлэн явуулна. Гольдролдоо ороод явчих байх гэдэгт итгэлтэй байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, Монгол улсаас гадаад улс орнуудад сууж байгаа дипломатуудыг дарга очихоор чемоданыг нь зөөгөөд гүйдэг гэж яриад байдаг. Гэтэл тэр хүмүүс айлчлалаас бусад цагт өдөр болгон тухайн улс орнуудынхаа нэр нөлөө бүхий шийдвэр гаргагчидтай уулзан, дипломат арга хэмжээний үеэр ярилцаж, хэрэв манай улсад сэтгэл дундуур хүн байвал “сэтгэл заслыг” нь хийгээд явж байдаг хүмүүс байдаг. Монгол Улс 41 оронд Дипломат төлөөлөгчийн газартай, 24 цаг тасралтгүй ажиллаж байдаг. Гадаад харилцааны албаны дээр нар шингэдэггүй. Бусад яамдаас хамгийн бага төсөвтэй ч гадны ямар их зээл тусламж, хөрөнгө оруулалт оруулж ирэх замыг засч, уур амьсгалыг зөөлрүүлж, биднийг дэмжих сэтгэлийг төрүүлж ажилладаг билээ. Та бид хоёрыг ярилцаж байх зуур хэдэн дипломатчид хэдэн газар уулзалт хийж байгаа бол? Монгол руу явах гэж байгаа хэчнээн хүнд виза дарсан бол. БНСУ дахь консулын газрынхан цөөхүүлээ, ачааллаа дийлдэггүй, нойр хоолоо хасаад л, гэр бүлийнхнийгээ дайчлаад л ажиллаж байдаг юм шүү дээ. 

-Ер нь “Нэг цонхны бодлого” барих зайлшгүй шаардлага гарч байгаа нь өнгөрсөн хугацаанд үүссэн таагүй үйл явдал, сөрөг мэдээллээс их харагдсан. Энэ талаарх таны байр суурь?
-Төрийн “Нэг цонхны бодлого” үнэхээр чухал. Адилхан монгол хүмүүс байж хоёр өөр ертөнцийн зүйл яриад байвал хэнд нь итгэх вэ гэдэг гадныханд хэцүү. Бид нэг л төртэй, гарсан бодлого, хэрэгжилт нэгдмэл байх ёстой. Байр сууриа илэрхийлэхдээ нэгдмэл байх ёстой юм. Байр суурь тодорхойлоогүй асуудлаар гадныхантай уулзахдаа өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг амалчихдаг. Бүр аюултай нь, хамаагүй том зүйл амалчихаад Монголдоо ирээд хийхгүй хаячихвал жинхэнэ аюул болно. Энэ ертөнц өөрөө дэгтэй. Хэрэв Та хэн нэгэнд ямар нэгэн зүйл амалж байгаа бол тэр хүн чинь амалсан тухай мэдээг удирдлагадаа танилцуулчихдаг. Тэгээд манайхны сэтгэл хөдлөлөөр шахуу хэлчихсэн үгийн хариуцлагыг өмнөөс нь гадны түнш албан тушаалтан нь хүлээх эрсдэл бий болдог. Олон улсын харилцаа гэдэг ийм зүйл байдаг.

-Ойрын үед, энэ онд төлөвлөж байгаа өндөр дээд түвшний айлчлал болон томоохон уулзалт хэлэлцээр, олон улсын арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?
-Төрийн гурван өндөрлөгийн Европ, Өмнөд Ази, ОХУ, АНУ руу хийх айлчлалууд зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ