Б.Чойжилсүрэн гишүүн сайтуудын мэдээлэлд няцаалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-02 12:23:43

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ dorgio.mn, shuurkhai.mn сайтад түүний эзэмшлийн компани хүн амины хэрэгт холбоотой мэтээр нийтэлсэн нь ташаа  мэдээлэл хэмээв.

Тэрбээр "Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна" гэсэн гарчигтай нийтлэлд байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт түүнийг болон үүсгэн байгуулсан компанийг нь буруутгасанд харамсаж байгаагаа илэрхийллээ.

Б.Чойжилсүрэн гишүүн хэлэхдээ "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коэл транс" компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Өчигдөр би компанийнхаа ажиллагсадтай уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэв.

Мөн дээрх хоёр сайтад гүтгэлгийн чанартай зүйлээ нотол, нотолж чадахгүй бол залруулга гарга гэсэн шаардлага тавьсан гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ